УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр “Бодь интернэйшнл” компанитай холбоотой 110 сая ам.долларын асуудал болон Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын гэрээ, санхүүжилтийг шалгах хянан шалгах түр хороо байгуулах санаачилга гаргажээ. Түүний мэдээлснээр уг санаачилгыг УИХ-ын 86 гишүүн дэмжиж, гарын үсэг зуржээ.
Тэрбээр уг асуудлыг шалгах түр хороо байгуулах саналыг 2026 оны Дөрөвдүгээр сараас эхлэн гаргаж, гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн. Тухайн үед 17 гишүүн гарын үсэг зурсан бол арваннэгдүгээр сарын 18-ны байдлаар 27, арваннэгдүгээр сарын 20-нд 32 гишүүний гарын үсэг бүрдсэн талаар мэдээлж байв. Улмаар арваннэгдүгээр сарын сүүлчээр дэмжигчдийн тоо нэмэгдсэн байна.
Хянан шалгах түр хороо байгуулах санаачилгыг УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй буюу 32 гишүүн дэмжсэн байх шаардлагатай. Ингэснээр тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж, холбогдох Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх боломж бүрдэнэ.
Өмнө нь нүүрсний асуудлаар хянан шалгах түр хороо ажиллаж байв
Нүүрсний экспорт, тээвэрлэлт, борлуулалттай холбоотой асуудлыг УИХ өмнө нь хэд хэдэн удаа хянан шалгаж байсан. Тухайлбал, 2022 оны Зургадугаар сард хилийн боомтоор нүүрс, ачаа тээвэр нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шалгах түр хороо байгуулж байв.
Үүний дараа 2023 онд нүүрсний олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт болон төрийн өмчит компаниудын худалдан авалтын үйл ажиллагааг шалгах хянан шалгах түр хороо ажилласан. Тус хороог УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахалж, 2023 оны Арванхоёрдугаар сард нүүрсний сонсгол зохион байгуулсан юм.
Сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний борлуулалт, экспорт, тээвэрлэлт, төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилт, гэрээ хэлцэл зэрэг асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр “Бодь интернэйшнл” компанийн Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт болон нүүрсний урьдчилсан санхүүжилтийн асуудал ч хөндөгдөж байжээ.
110 сая ам.долларын асуудал дахин сөхөгдөв
2026 оны Арваннэгдүгээр сарын 14-нд Хотын дарга асан Х.Нямбаатар цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийх үеэрээ “Бодь интернэйшнл” компанийн гүйцэтгэх захирал асан А.Амундратай холбоотой 110 сая ам.долларын авлигын асуудлыг хөндсөн юм. Тэрбээр уг мөнгийг нэр бүхий улс төрийн болон төрийн албан тушаалтнуудад өгсөн гэх мэдээлэл, баримтуудыг дэлгэсэн.
Харин “Бодь интернэйшнл” компаниас уг мэдээллийг няцааж, Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад төслийн захиалагчаас шилжүүлсэн 286 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийг зориулалтын дагуу зарцуулсан гэж мэдэгдсэн. Мөн санхүүгийн гүйлгээ, дансны хуулга болон өмнөх аудитын шалгалтуудаар үүнийг нотолж болно гэсэн байр суурь илэрхийлжээ.
АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийн 2026 оны Арваннэгдүгээр сарын 9-ний мэдээллээр “Бодь интернэйшнл” компанийн 2020-2025 оны санхүүгийн үйл ажиллагаанд олон улсын аудитын байгууллагуудаар шалгалт хийлгэсэн тайланг авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Шалгалтаар 110 сая ам.долларыг бэлнээр авч, бусдад тараасан гэх гүйлгээ одоогоор тогтоогдоогүй бөгөөд 286 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр шилжүүлсэн гүйлгээ бүртгэгдсэн талаар мэдээлсэн байна.
Иймд Н.Номтойбаярын санаачилж буй хянан шалгах түр хороо байгуулагдвал өмнөх нүүрсний сонсголын хүрээнд шалгасан асуудал, Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын гэрээ, санхүүжилт, оффтейк хэлцэл болон 110 сая ам.долларын гэх мэдээллийг УИХ-ын түвшинд дахин нягтлах асуудал яригдаж байна.

