Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлж буй шахмал болон хагас коксон түлшний чанарыг баталгаажуулах, зуухны аюулгүй ажиллагааг хянах шалгалтыг өргөжүүлж байна. Энэ хүрээнд түлшний үйлдвэр, агуулах, борлуулалтын цэгээс дээж авч, дотоодын болон олон улсын итгэмжлэгдсэн хөндлөнгийн лабораторид шинжлүүлэхээр болжээ.
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хатуу түлшний чанар, стандартын хэрэгжилтийг хангах зорилгоор хяналт шалгалтыг эрчимжүүлэхээр болсон байна. Тодруулбал, шахмал түлш үйлдвэрлэж буй үйлдвэр, хадгалж буй агуулах болон хэрэглэгчдэд худалдаалж буй борлуулалтын цэгүүдээс түлшний дээж авч, лабораторийн шинжилгээ хийлгэх юм. Ингэснээр түлш үйлдвэрлэлээс эхлээд хэрэглэгчийн гарт хүрэх хүртэлх үе шатанд чанар, стандартын шаардлага хэрхэн хангагдаж байгааг хөндлөнгөөс үнэлэх боломж бүрдэх аж.
Үүнээс гадна хатуу болон ахуйн хэрэглээний хийн түлшний борлуулалтын цэгүүдэд шалгалт хийж, айл өрхийн угаарын хий мэдрэгчийн ажиллагаа, зуухны бүрэн бүтэн байдал, түлшний хэрэглээг хянахаар төлөвлөжээ.
Халаалтын зуух ашиглагч айл өрх, аж ахуйн нэгжүүдийг хамруулна
Хяналт шалгалт зөвхөн түлшний чанараар хязгаарлагдахгүй. Дулаан, эрчим хүч үйлдвэрлэх, түгээх чиглэлээр уурын болон усан халаалтын зуух ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын түлшний хэрэглээ, зуухны ашиглалтын байдалд мөн хяналт тавих юм байна. Одоогоор нийслэлийн харьяа хяналт хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий агентлаг, дүүргүүдийн холбогдох албан хаагчид болон “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын ажилтнууд дараах хүчин чадалтай зуух ашиглагчдыг хамруулан ажиллаж байна.
3-15 кВт: Халаалтын зуух ашигладаг айл өрхүүд
15-100 кВт: Аж ахуйн нэгж, байгууллагууд
100 кВт-аас дээш: Томоохон хүчин чадлын халаалтын зуух ашиглагч байгууллагууд
Шалгалтын үеэр зуухны аюулгүй ажиллагааны талаар зөвлөмж өгч, түлшний зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд анхаарч байгааг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн хэлтсээс мэдээлжээ.
Түлшний чанарт тавих хяналтыг нэмэгдүүлнэ
2026-2027 оны халаалтын улиралд Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд хоёр төрлийн түлш худалдаалж байна. Нэгдүгээрт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн шахмал түлш. Хоёрдугаарт, БНХАУ-аас худалдан авч нийлүүлж буй хагас коксон түлш юм. Эдгээр түлшний чанартай холбоотойгоор Арваннэгдүгээр сарын 18-нд “Ай Пи Сертификэйшн” компанийн хийсэн хөндлөнгийн хяналт, лабораторийн шинжилгээний дүн гарч, бүтээгдэхүүнүүд MNS 5679:2025 стандартын шаардлага хангасныг баталгаажуулсан байна. Улмаар нэг жилийн хугацаатай тохирлын гэрчилгээ олгожээ. Тус гэрчилгээний хүчинтэй хугацаанд сар бүр магадлах хяналт хийхээр мэдээлсэн юм.
Гэвч бүтээгдэхүүн стандартын шаардлага хангасан байх нь түлшний хадгалалт, тээвэрлэлт, зуухны ашиглалт болон айл өрхийн аюулгүй ажиллагааны хяналтыг орлохгүй. Иймээс үйлдвэрээс хэрэглэгч хүртэлх нийлүүлэлтийн бүх шатанд хяналт тавих нь чухал юм.
Нийслэлээс хэрэгжүүлж буй энэхүү хяналт шалгалтын үр дүн нь түлшний чанар, стандартын хэрэгжилтийг бодитоор үнэлэхээс гадна гэр хорооллын айл өрхийн аюулгүй байдлыг хангахад чиглэж байна.

