Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбоотой УИХ-аас Засгийн газарт чиглэл өгөх тогтоол гарах учиртай. Хууль батлагдаад яг нэг сарын хугацаа өнгөрч байгаа ч энэхүү тогтоол гарахгүй дуншсаар байна. Хүүхэд залуучуудыг хорт зуршлаас хамгаалах зорилготой уг хууль олон сорилтыг сөрөн байж, өргөн баригдсан цагаасаа хойш жил гаруйн дараа батлагдсан.
Гэвч их хэмжээний мөнгө эргэлддэг энэ салбарт хууль эрх зүйн зохицуулалт хийх амаргүй болох нь өнөөдөр ч ийнхүү харагдаж байна. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр тамхины бизнесийн төлөөллүүд УИХ-ын гишүүд төдийгүй Ерөнхийлөгчид хүртэл хандан бичиг хүргүүлж, хууль санаачлагчдыг лобби хийж байгаа мэтээр хэрхэн гүжирдэж, УИХ-ын үйл ажиллагаанд хүртэл халддагийг харуулсан. Харин 126 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж буй анхны парламентын хувьд уг асуудлуудыг сөрж, нийгмийн эрүүл мэндээ хамгаалах хуулийг баталж чадсан.
Гэхдээ хууль батлагдсаны араас гарах ёстой УИХ-ын тогтоол гарахгүй байгаа нь тамхины бизнес эрхлэгчдэд цаг хожих, боломж олгож буйгаас гадна хуулийн хэрэгжилтийг дахин хойш татах эрсдэлтэй. Ийм ашиг сонирхол ч байсаар байгааг Ерөнхийлөгчийг гарын үсгээ зурж, хуулийг батламжлуулахгүй байлгах гэж бүхий л талаар ажиллаж байгаа тамхины бизнесийнхний үйлдлээс илт харагдаж байна. Өнгөрсөн лхагва гарагт хуралдах товтой "Хүний хөгжлийн байнгын хороо"-гоор Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төсөл хэлэлцэгдэх байсан боловч мөн хойшлогдов.
Энэхүү тогтоол гарснаар Тамхины хяналтын тухай хууль УИХ-аас гарч Засгийн газрын бүрэн мэдэлд очно. Хуулийг биелүүлэхийн тулд Засгийн газар бүх шатандаа ажиллах ёстой үүргээ авч байгаа гэж ойлгож болно.
Тамхины компаниуд татвар нэмэгдэхээс өмнө их хэмжээгээр бүтээгдэхүүнээ татан авч, түүнийгээ борлуулахын тулд хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг мэдээж хүснэ. Энэ оролдлого нь ч дээрх үйлдлүүдээс харагдаж байгаа гэлтэй. Бас хэн нэгэн гишүүнээр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулуулах гэж санаархахыг ч үгүйсгэхгүй. Өмнөх "Тамхины хяналтын хууль"-ийн араас яг ийм байдлаар нэмэлт өөрчлөлт оруулуулж, хуулийн мөн чанарыг сулруулж байсан удаатай билээ.
Тиймээс маш их хүчин чармайлтаар батлагдсан энэ хуулийг олон нийтээрээ хамгаалж, хэн хуулийн чанарыг муутгаж, эрх ашигт үйлчлэх гэж байгааг тасралтгүй хянах нь чухал юм. УИХ-аар дахин хуулийг өөрчилж, тамхины компаниудын лобби явахаас сэргийлж, харин хуулийн хэрэгжилтийг Н.Учралын тэргүүлж буй Засгийн газраас шаардах цаг ирлээ.

