Gerelnews
Post

Нийгэм

2026, 11-р сар 16}

Ирэх оноос ахмад настан болон зорилтот бүлгийн иргэд даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмээ ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлүүлж, төлбөргүй авах боломжтой болно

С.СумхүүС.Сумхүү

2027 оны нэгдүгээр сарын 1-нээс ахмад настан болон зорилтот бүлгийн иргэдийн өргөн хэрэглэдэг даралт бууруулах, зүрх судас, чихрийн шижингийн эмийн төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлөхөөр болжээ. Ингэснээр иргэдийн өөрсдөөсөө төлдөг эмийн зардлыг нийт 103 тэрбум төгрөгөөр бууруулах тооцоо гарсан байна.


Монгол Улсын Засгийн газраас 2027 оны улсын төсвийн хүрээнд уг арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Эрүүл мэндийн яамнаас хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчилж, зорилтот бүлэгт шаардлагатай 220 төрлийн эмийг хамруулахаар тусгажээ.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын мэдээлснээр, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдүүдийг эдгээр эмийн хамтын төлбөрөөс чөлөөлөх юм. Ингэснээр эмийн тогтмол хэрэглээг дэмжиж, иргэдийн санхүүгийн ачааллыг бууруулах зорилготой гэв. 

Гэхдээ 100 хувийн хөнгөлөлт нь бүх иргэнд бус, зөвхөн тогтоосон шалгуур хангасан зорилтот бүлгийн иргэдэд хамаарахыг анхаарах хэрэгтэй. Мөн бүх төрлийн эмийг бус, шинэчилсэн жагсаалтад багтсан эмийг хөнгөлнө.

Хөнгөлөлтөд хамрагдах иргэд харьяа өрх, сумын эрүүл мэндийн төв болон шатлалын эмнэлгийн эмчид үзүүлж, оношийн дагуу цахим жор бичүүлнэ. Улмаар уг жороор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй эмийн сангаас хөнгөлөлтөд хамрагдах эмээ төлбөргүй авах боломжтой болох юм.

Иргэд хөнгөлөлттэй эмийн дэлгэрэнгүй жагсаалт, хамрагдах нөхцөл болон гэрээт эмийн сангийн байршлын мэдээллийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын https://emd.gov.mn/ болон 1800-1363 лавлах утсаар тодруулах боломжтой.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!