Gerelnews
Post

Нийгэм

2026, 11-р сар 16}

Монголын мөсөн сийлбэрчид Испанид болсон олон улсын тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүллээ

С.СумхүүС.Сумхүү

Испанийн Мадрид мужийн Торрехон-де-Ардос хотод зохион байгуулсан ОУ-ын мөсөн сийлбэрийн тэмцээнээс Монголын уран бүтээлч Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Доржнамжил нар тэргүүн байранд оржээ. Тэд 14 орны уран бүтээлчид өрсөлдсөн “International Ice Festival” тэмцээнд “Тэнгисийн үнсэлт” бүтээлээрээ оролцсон бөгөөд хоёр жилийн өмнөх амжилтаа ийнхүү давтжээ.


Энэ жилийн тэмцээн далайн ертөнцийн сэдэвтэй болж, оролцогчид усан доорх амьдрал, далайн амьтад болон домгийн дүрүүдийг мөсөн урлагт буулгасан байна. Монголын уран бүтээлчдийн бүтээлд хүн ба далай тэнгисийн харилцааг медуз, шүрэн хад зэрэг дүрслэлээр илэрхийлжээ.

Тав дахь жилдээ болсон тус тэмцээнд нийт 10 багийн 20 сийлбэрч өрсөлдөж, Японы хоёр уран бүтээлч зочноор оролцсоноор 14 орны 22 уран бүтээлч цугласан байна. Багууд арваннэгдүгээр сарын 7–13-ны өдрүүдэд тус бүр 25 ам метр талбайд ажиллаж, 125 кг жинтэй 25 мөсөн блокоор бүтээлээ урлажээ. Өөрөөр хэлбэл, нэг багт гурван тонн гаруй мөс ногдсон бөгөөд уран бүтээлчид долоон хоногийн дотор санаагаа бодит бүтээл болгохоор өрсөлдсөн юм.

Монголын сийлбэрчид өмнө нь 2024 онд болсон гурав дахь удаагийн тэмцээнд “Алиса гайхамшигт аялал” бүтээлээрээ түрүүлж, үзэгчдийн нэрэмжит шагналыг давхар хүртэж байв. Тэд Монголын мөсөн сийлбэрийн үндэсний холбооны гишүүд бөгөөд Хятад, Швед, Латви, АНУ зэрэг оронд болсон олон улсын наадмуудад оролцож байжээ.

Тэмцээний хүрээнд бүтээсэн мөсөн сийлбэрүүдийг Торрехон-де-Ардос хотын 2000 ам метр талбай бүхий тусгай үзэсгэлэнд байршуулж, 2027 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэл олон нийтэд сонирхуулах аж. 

Эх сурвалж: https://icefestival.es/

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!