Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзаж, хоёр орны соёл, спорт, аялал жуулчлалын салбар хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтаар 2025 онд талуудын байгуулсан спортын салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийн хэрэгжилтийг хангах хүрээнд хоккейн спортыг Монголд хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах саналыг сайд Ч.Ундрам илэрхийлэв. Элчин сайд Ян Вытопил нь хоккейн спортыг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах тухай саналыг дэмжээд, Монголын байт харваан спортын тамирчдын ур чадварыг ахиулах чиглэлээр хамтарч ажиллах саналыг илэрхийлэв.
Мөн талууд Монгол, Чехийн хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Чехийн Үндэсний музейд дэлгэсэн “Чингис хаан” үзэсгэлэн маш амжилттай болсныг цохон тэмдэглээд 2027 онд тус музейд Монголд олдсон үлэг гүрвэлийн олдворуудаар гаргахаар төлөвлөж буй үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.