АНУ-ын технологийн Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан (Jensen Huang) Хятадын тагнуулын ажиллагааны бай болсон байж болзошгүй талаар АНУ-ын тагнуулын байгууллагуудын цуглуулсан мэдээлэлд үндэслэн The New York Times Аравдугаар сарын 29-нд мэдээлжээ.
Улмаар уг мэдээллийг The Guardian, ABC News, The Wall Street Journal зэрэг олон улсын хэвлэлүүд нийтэлж, Nvidia компанийн удирдлага болон холбогдох байгууллагуудын байр суурийг хүргэсэн байна.
The New York Times сонинд мэдээлснээр, Сингапурт төвтэй, дата төвийн үйлчилгээ үзүүлэгч Megaspeed International компанийн удирдах албан тушаалтан асан Алис Хуан (Alice Huang буюу Huang Le)-ыг АНУ-ын тагнуулын байгууллагууд Хятадын талд мэдээлэл дамжуулж байсан гэж үзжээ. Тус компани нь Nvidia-ийн хиймэл оюуны тооцоололд ашигладаг өндөр хүчин чадалтай чипийг худалдан авдаг байгууллагуудын нэг юм. АНУ-ын эрх баригчид Megaspeed компанийг дэвшилтэт чипийн экспортын хязгаарлалтыг тойрон гарч, бүтээгдэхүүнийг Хятадад нийлүүлсэн байж болзошгүй эсэхийг шалгаж байжээ. Энэ хүрээнд Алис Хуан Nvidia-ийн гүйцэтгэх захиралтай ойр харилцаа тогтоосон нь тагнуулын байгууллагуудын анхаарлыг татсан байна. Тэд уг харилцааг Nvidia-ийн бизнесийн төлөвлөгөө болон АНУ-ын хиймэл оюуны салбарын бодлогын талаар мэдээлэл олж авахад ашигласан байж болзошгүй гэж сэжиглэжээ.
Харин Nvidia компани дээрх мэдээлэлтэй холбогдуулан Женсен Хуан харилцагч байгууллагуудын удирдлагатай тогтмол уулздаг бөгөөд Алис Хуантай харилцсан нь бизнесийн ердийн үйл ажиллагаа байсан гэж тайлбарласан байна. Мөн харилцагчдад компанийн худалдааны нууц болон үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл өгдөггүйг онцолжээ. БНХАУ-ын Гадаад хэргийн яам уг мэдээллийг няцаасан бол Сингапурын Дотоод хэргийн яам Аравдугаар сарын 31-нд мэдэгдэл гаргаж, Алис Хуаны Хятадын тагнуулын байгууллагатай холбоотой гэх асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүйг тодруулсан байна. Гэхдээ Megaspeed компанитай холбоотой цагдаагийн шалгалт үргэлжилж байгааг мэдэгджээ.
Дээрх асуудалтай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тагнуулын байгууллагуудын цуглуулсан мэдээлэлтэй өмнө нь танилцсан ч тухайн үед арга хэмжээ аваагүй талаарх мэдээллийг мөн эх сурвалжид дурдсан байна. Цаашид уг асуудлын хүрээнд Megaspeed компанийн үйл ажиллагаа, АНУ-ын чипийн экспортын хязгаарлалтын хэрэгжилт болон Nvidia-ийн харилцагч байгууллагуудад тавих хяналт анхаарлын төвд байх төлөвтэй байна.
Эх сурвалж: The New York Times

