Gerelnews
Post

Соёл урлаг

2026, 10-р сар 29}

Хүүхдийн найрал дууны 31 дэх удаагийн наадамд 2500 гаруй сурагч оролцжээ

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч

Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 387 жилийн ой, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Хүүхдийн найрал дууны наадам”-ын гала тоглолт Аравдугаар сарын 28-нд Нийслэлийн Соёлын төв өргөөнд боллоо.


Энэ жил 31 дэх удаагаа зохион байгуулсан наадмын эхний шатанд нийслэлийн долоон дүүргийн 59 сургуулийн 2531 сурагч оролцсоноос 19 сургуулийн 767 сурагч хоёрдугаар шатанд шалгарчээ.

Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачилгаар 1993 оноос зохион байгуулж эхэлсэн тус наадам нь 33 жилийн түүхтэй. Улмаар 2006 оноос хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаач Д.Лувсаншаравын нэрэмжит болжээ. Тэрбээр Монголын найрал дууны урлагийн хөгжилд хувь нэмэр оруулсан уран бүтээлч бөгөөд “Маамуу нааш ир” зэрэг хүүхдийн дуу, олон нийтийн хүртээл болсон хөгжмийн бүтээлүүдээрээ танигдсан юм.

Энэ удаагийн наадмын тэргүүн байр, шилжин явах цомыг Монгол-Оросын хамтарсан сургуулийн “Рапсодия” найрал дууны хамтлаг хүртсэн бол дэд байрт Монгол дахь Канад сургуулийн “Нарны үр сад”, гутгаар байрт “Хөгжил” сургуулийн “Гэгээ” хамтлаг тус тус шалгарлаа. Харин 65 дугаар сургуулийн “Нарны дуулал”, “Монгени” сургуулийн “Одод” хамтлаг тусгай байр эзэлжээ. Д.Лувсаншаравын нэрэмжит шагналыг “Шинэ эрин” сургуулийн “Melody” хамтлаг, шилдэг удирдаач багшийн шагналыг Монгол-Оросын хамтарсан сургуулийн хөгжмийн багш Кристина Филиппова хүртсэн байна.

Хүүхдийн найрал дууны наадам нь зөвхөн шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан бус, ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн сургалтыг дэмжих, хүүхдийн авьяас чадвар, гоо зүйн боловсролыг хөгжүүлэх зорилготой. Найрал дуугаар хичээллэхдээ хүүхдүүд нэгэн хэмнэлд дуулж, бусдыг сонсох, хамтран ажиллах, сахилга баттай байх чадвараа хөгжүүлэх боломжтой. Мөн хөгжмийн багш нарын мэргэжлийн ур чадварыг сорих, сургуулиудын найрал дууны үйл ажиллагааг идэвхжүүлэх ач холбогдолтойг Нийслэлийн Соёл, урлагийн газар онцолж иржээ.

Эх сурвалж: Нийслэлийн Соёл, урлагийн газар

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!