Gerelnews
Post

Соёл урлаг

2026, 10-р сар 20}

Хиймэл оюун ухаан хүний мөн чанарыг хэрхэн өөрчилж байгааг харуулах 200 бүтээлийн үзэсгэлэн БНСУ-д нээгдэнэ

Л.АззаяаЛ.Аззаяа

АНУ-ын медиа урлагийн төлөөлөгч Линн Хершман Лисоны 60 гаруй жилийн уран бүтээлийг хамарсан “Би гэх олон дүр” /First Person Plural/ үзэсгэлэн БНСУ-ын Сөүл хотын Урлагийн музейд маргааш буюу Аравдугаар сарын 21-нд нээгдэнэ. Үзэсгэлэнд уран зураг, гэрэл зураг, баримал, медиа инсталляц, кино зэрэг 200 орчим бүтээлийг дэлгэх бөгөөд хүний мөн чанар, технологи, хиймэл оюун ухааны харилцан хамаарлыг хөндөх юм.


1941 онд төрсөн Линн Хершман Лисон нь видео, интернет, хиймэл оюун ухаан зэрэг шинэ технологийг урлагийн бүтээлдээ ашиглаж ирсэн уран бүтээлч юм. Түүний бүтээлүүдээр дамжуулан нийгмийн харилцаа, цахим сүлжээ, технологийн хөгжил хүний өөрийгөө таних ойлголтод хэрхэн нөлөөлж байгааг харуулах аж.

Үзэсгэлэн зургаан хэсгээс бүрдэх бөгөөд уран бүтээлчийн 1960-аад оноос өнөөг хүртэлх уран бүтээлийн замналыг хамарна. Тухайлбал, 1970-аад онд бүтээсэн Роберта Брейтмор хэмээх зохиомол дүрээрээ дамжуулан эмэгтэй хүн нийгэмд өөрийн дүр төрх, харилцааг хэрхэн бий болгодгийг судалж байжээ.

Мөн үзэгч өөрөө удирдлага ашиглан үйл явдлын өрнөлийг сонгодог “Lorna” зэрэг интерактив бүтээлийг дэлгэнэ. Тус бүтээлүүдэд анх удаа солонгос хэлний орчуулга, хадмал тайлбар оруулснаар үзэгчид бүтээлийн агуулгыг илүү ойлгомжтой хүлээн авах боломж бүрдүүлэх юм.

Үзэсгэлэн Сөүлийн Урлагийн музейн Сосомун салбарт 2027 оны Хоёрдугаар сарын 21 хүртэл үргэлжилнэ. Үзэсгэлэн үнэ төлбөргүй бөгөөд уран бүтээлчийн кинонуудыг толилуулах тусгай хөтөлбөрийг мөн зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Эх сурвалж: Yonhap News Agency, Сөүлийн Урлагийн музей.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!