Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн шалтгааныг Цагдаагийн ерөнхий газраас шалгаж, байгаль орчинд учирсан хохирлыг тогтоохоор ажиллаж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн өнөөдөр /2026.10.27/ түймрийн хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, хариуцлага алдсан албан тушаалтнуудад сахилгын арга хэмжээ авч байгааг мэдээллээ.
Тэрбээр түймрийн хохирлыг тогтооход нисдэг тэрэг ашиглах асуудлыг Засгийн газраас шуурхай шийдвэрлэж, Онцгой байдлын ерөнхий газраас хоёр нисдэг тэрэг гарган ажиллуулахаар болсныг хэлэв. Мөн Нөмрөгийн асуудлаар шуурхай штаб ажиллаж, холбогдох байгууллагууд хохирлыг тогтоох, шалгалт хийх ажлыг үргэлжлүүлж байна.
Г.Тэмүүлэн “Онцгой байдлын ерөнхий газраас 2 нисдэг тэрэг гарган ажиллана.”
Түймэрт өртсөн зарим газарт газрын гадарга, байгалийн нөхцөлөөс шалтгаалан автомашин, техникээр хүрэх боломжгүй байгаа тул нисдэг тэрэг ашиглан хохирлын үнэлгээ хийхээр болжээ. Үнэлгээний баг нийт есөн цэгт ажиллахаар төлөвлөснөөс гурван цэгт нисдэг тэргээр хүрч судалгаа хийх юм.
Байгаль орчинд учирсан хохирлыг хөрс, ургамал, амьтан болон байгалийн бусад бүрдэл хэсгээр нь тогтоож, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлохоор ажиллаж байна.
Буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлнэ
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн Нөмрөгийн түймрийн асуудлыг Цагдаагийн ерөнхий газраас шалгаж байгаа бөгөөд шалгалтын үр дүнд үндэслэн буруутай этгээдүүдээр учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээ мэдэгдлээ. Мөн хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, сахилгын арга хэмжээ авч байгааг мэдээлсэн юм.
Нөмрөгийн дархан цаазат газарт энэ сарын 8-нд гарсан түймэр нийт 528.7 мянган га талбайг хамарснаас 468.9 мянган га нь тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэр байжээ. Энэ нь дархан цаазат газрын нийт нутаг дэвсгэрийн 79.8 хувьтай тэнцэж байна.
Одоогоор түймрийн хохирлын эцсийн үнэлгээ гараагүй бөгөөд шалгалтын үр дүнд үндэслэн хохирлыг нөхөн төлүүлэх, байгаль орчныг сэргээх асуудлыг шийдвэрлэх юм.

