Gerelnews
Post

Нийгэм

2026, 10-р сар 29}

Улаанбаатар хотын 387 жилийн ой: Нийслэлийн өдрийг яагаад Аравдугаар сарын 29-нд тэмдэглэдэг вэ?

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ой өнөөдөр тохиож байна.


Нийслэл хотын түүхийг 1639 онд Халхын Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг Халхын шашны тэргүүнээр өргөмжилж, одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Ширээт цагаан нуурын орчимд орд өргөө байгуулсан үеэс эхлэн тооцдог. Анх шашин, соёлын төв хэлбэрээр үүссэн Өргөө нь түүхийн явцад Монголын улс төр, эдийн засаг, худалдаа, соёлын төв болон өргөжин хөгжжээ.

Өргөө нь Номын хүрээ, Их хүрээ, Нийслэл хүрээ зэрэг нэртэйгээр түүхийн олон үеийг туулж, нүүдэллэн суурьшиж ирсэн байна. Улмаар 1778 онд өнөөгийн Улаанбаатар хотын нутагт төвхнөж, 1912 онд Их хүрээг Монгол Улсын Нийслэл хүрээ хэмээн зарлажээ. Харин 1924 оны Аравдугаар сарын 29-нд хуралдсан Улсын анхдугаар Их Хурлын өмнөх Улсын Бага Хурлын 14 дүгээр хуралдаанаар нийслэл хотын нэрийг Улаанбаатар болгон өөрчлөх шийдвэр гаргасан нь хотын түүхэнд онцгой үйл явдал болсон юм.

Тэгвэл Улаанбаатар хотын үүслийг 1639 оноос тооцдог атлаа яагаад жил бүрийн Аравдугаар сарын 29-нд тэмдэглэдэг вэ?

Энэ нь Өргөөг байгуулсан өдөртэй бус, 1924 онд нийслэлийг Улаанбаатар хэмээн нэрлэхээр шийдвэрлэсэн түүхэн үйл явдалтай холбоотой. Улсын Их Хурал 1995 оны Долоодугаар сарын 3-ны өдөр 56 дугаар тогтоол баталж, Нийслэлийн өдрийг жил бүрийн Аравдугаар сарын 29-нд тэмдэглэхээр тогтоожээ. Уг тогтоолыг 2003 онд хүчингүй болгосон боловч тухайн онд баталсан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулиар Нийслэлийн өдрийг үргэлжлүүлэн тэмдэглэх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй тус хуулийн 5.1.10-т Монгол Улсын нийслэл хотын өдрийг Аравдугаар сарын 29-нд тэмдэглэхээр заасан.

Ийнхүү Нийслэлийн өдөр нь зөвхөн Улаанбаатар хот байгуулагдсан ойг тэмдэглэх бус, Монголын төр, шашин, соёлын түүхэн хөгжил, нийслэл хотын үүсэл бүрэлдэн тогтсон үйл явцыг эргэн сануулах ач холбогдолтой юм. Энэ жилийн 387 жилийн ойн хүрээнд Чингис хааны эш хөрөг, “Монголын нууц товчоо”-нд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт морин хуурыг цэнгүүлэх ёслол зохион байгуулжээ. Хотын түүх, соёлын өвийг таниулах эдгээр арга хэмжээ нь нийслэлийн өнгөрсөн үеийн түүхэн үнэ цэнийг хойч үед өвлүүлэхэд чиглэж байна.

 Эх сурвалж: Улаанбаатар хотын музей

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!