Найз нөхдийн орлого, амьдралын боломж ялгаатай байх нь тэр бүр маргаан үүсгэдэггүй ч өдөр тутмын жижиг зүйлсэд аажмаар мэдрэгддэг гэж TIME сэтгүүл онцолжээ.
Хаана хооллох, ямар тоглолт үзэх, хаашаа аялах, төрсөн өдөр эсвэл хуримд хэр хэмжээний мөнгө зарцуулах нь нэг хүнд энгийн сонголт байж болох ч нөгөө хүнд санхүүгийн дарамт үүсгэж болно. Нийтлэлийн зохиогч Мэхика Баруа (Meehika Barua) үүнийг өөрийн жишээгээр тайлбарлажээ. Тэрээр найзынхаа төрсөн өдрөөр Лондоны үнэтэй ресторанд 75 ам.доллар зарцуулсан ч өөрийнхөө төрсөн өдрөөр найзуудаасаа ийм хэмжээний мөнгө гаргуулахыг хүсээгүй тул гэртээ энгийн үдэшлэг хийсэн байна. Мөн нийтлэлд дурдсан нэг хүн найз нөхдийнхөө хурим, хуримын өмнөх үдэшлэг болон бусад арга хэмжээнд оролцохын тулд нэг жилийн хугацаанд нийт 10 мянга гаруй ам.доллар зарцуулж, ийм зардал давтагдах тусам санхүүгийн боломж багатай хүнд дарамт болж, найз нөхдийн харилцаанд үл ойлголцол үүсгэх эрсдэлтэйг онцолжээ.
Сэтгэл засалч Силвиа Дачивисий (Silvia Dutchevici)-ийн тайлбарласнаар мөнгөний тухай яриа одоо ч олон хүнд эвгүй сэдэв хэвээр байгаа. Хүмүүс хувийн амьдрал, айдас түгшүүрийнхээ талаар найз нөхдөдөө ярьж чаддаг атлаа цалин, орлого, мөнгөний боломжийнхоо талаар хэлэхээс санаа зовдог шалтгаан нь мөнгийг зөвхөн хэрэгцээгээ хангах хэрэгсэл биш, эрх чөлөө, нийгмийн байр суурь, бие даасан байдалтайгаа холбон ойлгодогтой холбоотой. Тиймээс орлого багатай тал нь “би үүнийг төлж чадахгүй” гэж хэлэхээс санаа зовж, харин боломж илүүтэй тал нь сонголтоо найздаа ямар дарамт болж байгааг анзаарахгүй өнгөрөх тохиолдол байдаг. Хамтдаа зарцуулсан тооцоогоо өгөхгүй удах, зардал ихтэй төлөвлөгөөнд бусдыгаа байнга уриалах, боломжгүй гэж хэлсэн найзыгаа гадуурхагдсан мэт мэдрүүлэх зэрэг нь мөнгөний асуудлыг аажмаар харилцааны асуудал болгох эрсдэлтэй.
Ийм зөрчлийг том асуудал болгохгүй байх хамгийн энгийн арга нь зардлын талаар урьдчилан, илэн далангүй ярилцах гэж уг нийтлэлд зөвлөсөн байна. Жишээлбэл, үнэтэй газар санал болгохдоо “энэ үнэ боломжтой юу, эсвэл өөр газар сонгох уу?” гэж асуух нь нөгөө хүнээ эвгүй байдалд оруулахгүйгээр асуудлыг шийдэх нэг арга байж болно гэдгийг ч мөн дурдсан байна. TIME-ийн дүгнэснээр сайн найз байна гэдэг заавал ижил орлоготой байхыг хэлэхгүй. Харин өөрийн сонголт бусдад ямар зардал учруулж байгааг бодолцох, хүн бүр ижил боломжтой гэж үзэхгүй байх, өр төлбөрөө цагт нь барагдуулах, шаардлагатай үед төлөвлөгөөгөө өөрчлөх зэрэг хандлага нь нөхөрлөлийг бат бөх байлгаж, нэгэндээ тавих анхаарал халамжийг илүү тод харуулдаг гэжээ.
Эх сурвалж: TIME, “Money Reveals What Kind of Friend You Are

