Gerelnews
Post

Улс төр

2026, 10-р сар 14}

Оюу толгойн ногдол ашгийг өнөөдөр идэх үү, маргаашдаа үлдээх үү

Г.АнарГ.Анар

Экс төрийн тэргүүн маань нэлээд олон сэтгүүлч суулгаж ярилцсан нэгэн ярилцлагынхаа үеэр “Оюу толгойг айлын олон охидын нэг гэж бодъё. Тэр хүүхдээ бид мөнгөтэй, чадалтай баян айлд бэр орууллаа гэж бодтол тийм биш байж. Өнгөнд нь хууртагдаад охиноо өгчихжээ. Цаашдаа энэ охиныг байгаагүй гэж бодоод амьдарцгаая” гэх утгатай зүйл ярьж байсныг нь саяхан болсон сонсголын үеэр нэгэн ТББ-ын төлөөлөл ярив.


Товчхондоо, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн цагт зэсийн олборлолтоороо дэлхийд дөрөвдүгээрт жагсах асар том ордоо бид “Рио Тинто”-д найр тавин бэлэглээд, өөрсдөө “бадар барин” амьдарцгаая гэж хэлчихсэн хэрэг л дээ. 

Гэвч бид тийм хүлцэнгүй ард түмэн биш. Авлига өгөлцөж, авалцсан экс Ерөнхийлөгч, Ерөнхий сайдуудын булхай луйврыг илчилсэн шиг илчилж, баялгаа ашиглуулаад байгаа атлаа бадар барих байтугай бүр өрөнд орж байсан гэрээг шинэчлэх ажлыг тууштай хийж ирлээ. Сайн, муу саар, муухай дүрүүд олон байсан ч улс эх орныхоо нийтлэг эрх ашгийн төлөө тууштай зогсож байсан улстөрчид, тэмцэгчид ч тэр дунд бий. Тэр тусмаа 2037 он хүртэл буюу гэрээ байгуулагдсан цагаас хойш 26 жилийн дараа л ногдол ашиг авах байсан ашиггүй гэрээнд өөрчлөлт оруулж, 17 жилийн дараа анх удаа ногдол ашиг авах боломжийг Н.Учралын Засгийн газар бий болголоо. Монголын заяа их гэж үүнийг л хэлэх биз. “Ноёнтой тэрсэлдвэл толгойгүй, нохойтой уралцвал хормойгүй” гэдэгчлэн Оюу толгойг битгий оролд, мөрөөр нь явуул гэх мэтээр хориглох хүн олон байсан ч залуу Ерөнхий сайд Н.Учрал “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг юм. Энэ улсын нутаг дэвсгэрт баялгийг нь ашиглаж буй та бүхэн бидний тоглоомын дүрмээр тоглохгүй бол цаашдаа энэ гэрээг зогсоох асуудлыг ярьсан ч айх зүйл алга” хэмээн эрс шулуухан мэдэгдсэн нь саяхны үйл явдал.

Ингэж эрслэн зогссоны үр дүнд хувь нийлүүлэгчийн зээлийн хүү, менежментийн үйлчилгээний төлбөр зэрэг нийт 30 их наядын зардал бууруулж чадсан. Монголын талын хүртэх өгөөж 13 их наядаар өсөж, Онтрэгийн хэлэлцээрийг албан ёсоор эхлүүлсэн. Хамгийн чухал нь төслөөс хүртэх ашгаа бид 2027 оноос эхлүүлж, жил бүр хүртэхээр зөвшилцөлд хүрч, эхний 3 их наядыг ирэх оны төсөвтэй хамтатган УИХ-аар хэлэлцүүлж, юунд хэрхэн зарцуулахаа шийдүүлэх мөчийн өмнө ирээд байгааг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ. 

Тодруулбал, 

-Нэг их наядыг Үндэсний баялгийн сан дахь иргэн бүрийн “Хуримтлалын сан”-д төвлөрүүлэх 

-789.7 тэрбумаар 300 МВт хүчин чадалтай VI цахилгаан станц, “ДЦС-3”-ын турбингенератор шинэчлэх, 10 аймгийн ДЦС-ыг үргэлжлүүлэн барих

-Импортыг орлох, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд зориулж ХАА-н салбарт 82.2 тэрбумыг төсөвлөх

-257 тэрбумаар 6 бүсэд Кембрижийн хөтөлбөртэй 2 сургууль, бүс тус бүрд төрөлжсөн ахлах сургууль, 300 ортой 15 дотуур байр барих. 100 сургуулийг “Ногоон сургууль” болгоход 315.7 тэрбумыг хуваарилах

-Арцсуурь, Хавирга, Ханги боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 170.8 тэрбум, хоёр боомтыг бүрэн шинэчлэх гэсэн ногдол ашгийг зарцуулах төлөвлөгөөгөө танилцууллаа. 

Эдгээрийг дэмжиж үү, эс дэмжих үү гэдгээ иргэн та шийднэ. Гар утсаа аваад И-Монголиа, И-засаг зэрэг цахим платформуудаар нэвтрэн саналаа чөлөөтэй илэрхийлэх 14 хоногийн хугацаа бидэнд байна. 

Ерөнхий сайд Н.Учралын олоод ирсэн энэ мөнгийг зүгээр л хий хоосон үрж дуусгая гэх хулхины эх орончид, хуурамч дүртэй улстөрчид дахин амилж эхлэв. Оюу толгойг хөөж гаргая, энэ улсаас зайлуулъя гэж шантааж хийдэг экс гишүүн Г.Уянга тэргүүтнүүд ногдол ашгийг дансандаа авцгаая, нэг ширхэг ч бүтээн байгуулалт хийхгүйгээр архи дарс, хоол хүнсэндээ хэрэглэж, жорлонд урсгая хэмээн уриалж байх юм. Тэд ийм л хортой хүмүүс. Энэ улсыг мөнхийн аль нэг улсаас хараат байлгах ашиг сонирхлоо үргэлж эх орны эрх ашгийн төлөөх тэмцэл гэх явуургүй, явцуу үзлээрээ чадамгай нууна. Эрчим хүч, шатахууны хараат байлгах, экспортыг нэмэгдүүлэхгүй байх, импортыг орлох үйлдвэрлэл хөгжүүлэхгүй, дөрвөн ханан дундаа түгжрэлдээ гацаах харь орны хүслийг гүйцээхээр улайрцгаадаг. Бид хэдий болтол цалин нь буухаар бааранд орж үнэтэй архи авч уучихаад бадар царайлж авдаг үрэлгэн нэгэн шиг байх вэ. 

Экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний үед бид яг ийм замаар амьдарцгаасан. Ковидын үед Эрдэнэтээс ногдол ашиг авсан ч түүнийгээ бэлэн мөнгөөр тарааж, 14 хоногийн хөл хорионд идэж уугаад дуусгаж байв. “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг гэх жил бүр орж ирдэг дусал шүлс шиг мөнгөөр 5 кг мах ч авч хүчрэхгүй байгаа. Мега төсөл нэрээр 125 их наядыг салхинд хийсгэчихээд, өнөөдөр харин тэр төслүүд зөв байсан гэж нотлохын тулд тролл захиалан улайрч байна, тэд. Харамсалтай нь энэ хугацаанд нэг ч том төсөл урагшилсангүй. Эсрэгээрээ цахилгааны хязгаарлалтад ордог, түлшиндээ очерлодог, аймгууд нь дутуу баригдсан станцаа хэзээ ашиглалтад орохыг хүлээж, төмрийн сэг болчихсон төсөл нь урагшлахыг хүлээнгээ яндангийн тоогоо нэмж байна. 

Өвөл бүр гал алдаж, лааны гэрэлд хичээл хийж суухгүйн тулд бид хүссэн ч эс хүссэн ч эрчим хүчний чадлаа нэмэгдүүлж, шинэ станц барих ёстой. Энэ өвөл олон жилийн дунджаас хүйтэн өвөл болно гэдгийг цаг уурчид анхааруулж байна. Энэ тохиолдолд ногдол ашгаа үрж дуусгах бус үлдэх станц барих нь өгөөжтэй. Таг гацсан 10 аймгийн ДЦС-аа явуулах нь Монголын хүртэх ашиг байх юм. Байгалийн нөөцийн өгөөжийг иргэн бүрд хүргэх үндсэн арга нь эрчим хүч, дэд бүтэц, боловсрол, орон сууцны хүртээмж байдаг. Ингэж байж бид хөгжинө. Хулхины эх орончдын хэлсэнчлэн бэлэн мөнгөөр тарааж гэмээнэ архи, мах болоод л алга болно. Үлдэх зүйл харин өр л байна гэдгийг олж харж, бодлогоо тууштай хамгаалж, бодит ажилд зарцуулах төлөвлөгөөгөө танилцуулсан Н.Учралд харин талархах нь зүйн хэрэг биз. Одоо харин түүний төлөвлөгөөг долоо хэмжиж, нэг огтлон цугаар хэлэлцэж, дэмжлэг өгөх нь монголчууд бидний хийх ажил юм.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!