Өнөөдөр бид гар утас, интернэтээр дамжуулан хүссэн мэдээллээ хэдхэн секундэд авч, дэлхийн хаана ч байгаа хүнтэй шууд холбогдох боломжтой. Харин хэдэн арван жилийн өмнө хүмүүс захидал бичиж, хариу хүлээн, сонин, сэтгүүл, ном уншиж мэдээллээ авдаг байжээ. Энэ тухай “Социализмаар аялцгаая” үзэсгэлэнг сонирхсон иргэд дурсаж, тухайн үеийн харилцаа холбоо, мэдээлэл авах арга барилын талаар ярьсан юм.
Тухайн үед хол байгаа гэр бүл, найз нөхөдтэйгөө харилцах гол аргуудын нэг нь захидал байв. Хүмүүс сэтгэлээ цаасан дээр буулгаж, шуудангаар илгээх бөгөөд хариу ирэхийг тэвчээртэй хүлээдэг байжээ. Өнөөдрийнх шиг агшин зуур хариу авах боломжгүй ч захидал нь хол байгаа хүмүүсийг сэтгэлээрээ холбодог чухал хэрэгсэл байлаа.
Харин цаг үеийн мэдээ, мэдээллийг сонин, сэтгүүл, номоос авч, улс орон, дэлхий дахинд болж буй үйл явдлын талаар хэвлэлээр дамжуулан мэддэг байсан байна. Ном унших нь мэдлэг боловсролоо дээшлүүлэх, шинэ зүйл танин мэдэх чухал арга байжээ.
Өнөөдөр захидлын оронд цахим зурвас, хэвлэмэл мэдээллийн оронд цахим хуудас, цахим номын хэрэглээ нэмэгдсэн. Гэвч мэдээлэл авах, бусадтай харилцах хэрэгцээ цаг үеийн өөрчлөлтийг даган шинэ хэлбэрт шилжсэн ч хэвээр үлджээ.
“Социализмаар аялцгаая” үзэсгэлэн нь өнгөрсөн үеийн амьдрал, ахуй соёлыг эргэн харахын зэрэгцээ өнөөдрийн технологийн хөгжил хүмүүсийн амьдралын хэв маягийг хэрхэн өөрчилснийг эргэцүүлэх боломж олгож байна.

