Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа түрээслээд өмчлөх "Солонго-1, 2" төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг бүрэн ашиглалтад хүлээлгэн өгч, айл өрхүүдийг оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.
Энэ талаар ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан "Бүртгэл, сонгон шалгаруулалтыг аравдугаар сардаа багтааж явуулна. Одоогоор холбогдох газруудад үүрэг даалгавар өгөөд ажиллаж байна. Журамд өөрчлөлт оруулах тогтоолын төслүүдээ Засгийн газрын хуралдаанаар оруулахаар бэлтгэж ажлыг хангаж байна. Мөн гүйцэтгэгч компани орон сууцны гадна талын гэрэлтүүлэг, асфалтан замын ажил зэрэг хийгдэж байна. Энэ долоо хоногт дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө.
Түрээслэх, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөлийн хэлбэр зэрэг нэг стандартад баригдахгүйгээр зорилтод бүлгийн иргэдийн орлогод нийцсэн олон төрлийн бүтээгдэхүүн гаргахаар судалж байгааг ч тодотголоо. Харин олон нийтийн дунд хамгийн их шүүмжлэл дагуулаад байгаа "Солонго-1,2" төслийн орон сууцны мкв-ийн үнийг бууруулах боломжтой эсэх тал дээр Засгийн газрын түвшинд судалж байгаа гэдгийг ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан онцолж байна.
Тэрбээр "Мкв-ийн үнэ эцэслэгдээгүй, Бууруулах боломжтой" гэв. Түүнчлэн "Зарим хүмүүс цахим орчинд янз бүрийн сэдлээр "Солонго-1, 2" орон сууцанд бүртгүүлж, оруулж өгнө, дэмжиж тусална зэргээр иргэдийг төөрөгдүүлж байна. Тэдгээр залилангийн шинж чанартай үйлдлээс хол байхыг хүсэж байна. Албан ёсоор Хот байгуулалт, барилага, орон сууцжуулалтын яам болон "Төрийн орон сууцны карпораци" ТӨХХК-иас аравдугаар сардаа багтааж сонгон шалгаруулалтыг хэзээ, ямар хэлбэрээр явуулах болон мкв-ийн үнийн талаар мэдээлэл өгөх болно" хэмээн тодотголоо.