Ардчилсан намаас улс орон даяар өрнүүлж буй “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний Баянзүрх дүүрэг дэх нээлт боллоо. Нээлтийн үеэр тус намын удирдлагууд улс төр, эдийн засгийн тогтолцооны шинэчлэл, иргэдийн оролцоо, хөгжлийн бодлогын өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийлж, хөдөлгөөний үр дүнг ирэх арванхоёрдугаар сарын 6-нд дүгнэхээр төлөвлөснөө мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн, Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга А.Ганбаатар хөдөлгөөнийг нээж үг хэлэхдээ “Өнөөдрийн хөдөлгөөн зүгээр нэг хөдөлгөөн биш. Монголоо өөрчилж, бүтээх гол ажлын эхлэл юм. Бид хөдөлгөөний үр дүнгээ 12 дугаар сарын 06-ны өдөр дүгнэнэ. Энэхүү хөдөлгөөний нээлтэд Ардчилсан намаас МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ ил тодоор илэрхийлсэн гурван эрхэм болох УИХ-ын гишүүн Норовын Алтанхуяг, УИХ-ын гишүүн Дашдондогийн Ганбат, УИХ-ын гишүүн Лувсаннямын Гантөмөр нар хүндэтгэн хүрэлцэн ирсэнд талархаж байна. Ирэх сонгуулиудад Ардчилсан нам ялалт байгуулахад Баянзүрх дүүргийнхэн, Баянзүрх дүүргийн Ардчилсан нам онцгой үүрэгтэй шүү” хэмээн онцлон хэллээ.
Үндэсний хөдөлгөөний нээлтэд Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл "Яагаад Монгол Улсад өөрчлөлт хийх хэрэгтэй болов. Энэ өөрчлөлт хаашаа чиглэх ёстой вэ гэдэг нь өөрөө бидний суурь том асуудал юм. Ардчилсан тогтолцоо, чөлөөт эдийн засаг маань ардчиллын жилүүдэд өсөлт дэвшлийг авчирсан. Гэхдээ бид үүнээс илүү үр дүнд хүрч болох байсан боломжуудаа алдсан. Сүүлийн жилүүдэд ардчиллын тогтолцооны машин маань авлигалын зэвэнд идэгдэж, төрийн хямралд автагдаж, ачаагаа үүрч, хурдаа авч үүргээ гүйцэтгэх боломжгүй болсныг та бид харж байна.
Иймээс Ардчилсан нам "Монголоо бүтээдэг болгож өөрчилье" хэмээн зорьж энэхүү үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байна.
An.mn вэбсайт болон An+ аппликэйшнээр өнөөдрийн байдлаар 27,000 гаруй иргэн саналаа өгчээ. Энэ нь ард иргэдэд ямар нэг өөрчлөлтийн хүсэл эрмэлзэл байгаа юм байна гэдгийг харуулж буй. Тиймээс бүтээдэг Монгол болохын төлөө та бид хамтдаа хичээх цаг нь боллоо" хэмээв.
"Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөний Баянзүрх дүүрэг дэх нээлтэд урилгаар УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, Г.Хосбаяр, С.Цэнгүүн тэргүүтэй Баянзүрх дүүргийн АН-ын ҮБХ-ны гишүүд, дэмжигчид оролцлоо.
Эх сурвалж: АН