Өнөөдөр буюу 2026 оны Аравдугаар сарын 1-ний 10:00 цагаас иргэд бензиний хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцэн Сүхбаатарын талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна. Жагсаалд оролцогчид шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгох, үнийн асуудалд тодорхой арга хэмжээ авахын зэрэгцээ салбарын сайд Г.Дамдиннямыг өөрийн биеэр гарч ирж, иргэдтэй уулзан тайлбар өгөхийг шаардаж байна.
Энэ жилийн Зургаадугаар сарын сүүлээр улсын хэмжээнд шатахууны ойролцоогоор 40 хоногийн нөөцтэй байсан ч Долдугаар сард нийлүүлэлт 40 хувиар буурсан байна. Улмаар Долдугаар сарын сүүлээс Наймдугаар сарын дунд үе хүртэл шатахууны хомсдол орон даяар үргэлжилсэн. Наймдугаар сарын дунд үеэр нийслэлийн хэмжээнд хомсдол түр намжсан боловч Есдүгээр сарын сүүлээс шатахуун түгээх станцуудын гадна дахин урт дараалал үүсэж эхэлсэн юм. Ийм нөхцөлд иргэдийн төлөөлөл Сүхбаатарын талбайд автомашинтай жагсаалыг эхлүүлээд байна.
Жагсаалд оролцож буй иргэдийн хэлж буйгаар шатахуун авахын тулд ажил тараад шууд ШТС-д очиж, олон цагаар дараалалд зогсох шаардлагатай болжээ. Энэ нь ялангуяа хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг, автомашинаар ажилладаг болон хувиараа бизнес эрхэлдэг иргэдэд илүү хүндрэл учруулж байгааг тэд хэлж байна.
Мөн жагсагчдын зүгээс шатахууны хомсдолыг зөвхөн бензин олдохгүй байгаа асуудал гэж харахгүй байгаагаа илэрхийлж байна. Тэдний ярьж буйгаар шатахууны асуудалтай зэрэгцэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, иргэдийн өдөр тутмын зардал нэмэгдсэн байна. Түүнчлэн татварын дарамт болон иргэдийн орлого, худалдан авах чадвартай холбоотой асуудлыг төрөөс анхаарах шаардлагатай гэж жагсаалд оролцогчид үзэж байна.
Г.Дамдинням сайдыг өөрийн биеэр гарч ирж тайлбар өгөхийг шаардлаа
Жагсаалд оролцогчдын дунд Эрчим хүчний сайд Г.Дамдиннямыг өөрийн биеэр гарч ирж, иргэдтэй уулзах шаардлагыг тавьсан хүмүүс байлаа. Тэд шатахууны хомсдолын шалтгаан, нийлүүлэлт хэзээ хэвийн болох, үнэ болон цаашид авах арга хэмжээний талаар албаныхны тодорхой тайлбарыг газар дээр нь сонсохыг хүсэж байна.
Иргэдийн төлөөлөл:
“Г.Дамдинням сайдыг өөрийн биеэр гарч ирж, үнэн тайлбар өгтөл нь жагсана” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Мөн шатахууны хомсдол, үнийн өсөлтөөс гадна өргөн хэрэглээний барааны үнэ, татварын асуудлаар иргэдийн тавьж буй шаардлагыг холбогдох албаныханд хүргүүлэхээ мэдэгдэж байна.
Цагдаагийн алба хаагчид авто замыг чөлөөлөх шаардлага тавив
Жагсаал эхлэхэд Сүхбаатарын талбай орчимд цагдаагийн алба хаагчид ажиллаж, автомашинтай жагсагчдад авто замыг чөлөөлөх шаардлага тавьжээ. Мөн ачлагын машинууд талбай орчимд ирсэн байна. Албаныхны зүгээс жагсаал зохион байгуулах зөвшөөрөл аваагүй гэх үндэслэлээр жагсаалыг тарааж, авто замын хөдөлгөөнийг хэвийн болгохыг шаардсан байна. Гэсэн хэдий ч автомашинтайгаа жагсаалд нэгдэх иргэдийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд оролцогчид шатахууны хомсдол, үнийн өсөлт, өргөн хэрэглээний барааны үнэ болон татварын асуудлаар тавьж буй шаардлагаа холбогдох албаныханд хүргүүлэхээ илэрхийлж байна. Одоогоор жагсаалын нөхцөл байдал үргэлжилж байна.