Gerelnews
Post

Нийгэм

2026, 10-р сар 01}

Аравдугаар сард 77-78 мянган тонн АИ-92 импортлохоор захиалгаа баталгаажуулжээ

Л.АззаяаЛ.Аззаяа

Шатахууны шуурхай штабаас өнөөдөр /2026.10.01/ шатахууны импорт, нийлүүлэлт болон дэлхийн зах зээл дэх нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр аравдугаар сард АИ-92 автобензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ импортын эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг мэдээлэв.


Шуурхай штабын мэдээлснээр, Монгол Улс 2026 оны Есдүгээр сард нийт 279 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүний 64 мянга орчим тонн нь АИ-92 автобензин, харин үлдсэн 215 мянган тонн нь дизель түлш байна. Монгол Улс сард дунджаар 230 мянган тонн орчим газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэдэг бөгөөд үүний 65 орчим хувийг дизель түлш, 35 хувийг автобензин эзэлдэг байна. Есдүгээр сард АИ-92 автобензиний импорт 64 мянган тонн байсан нь ердийн сарын хэрэглээтэй ойролцоо хэмжээ боловч шатахууны хомстол үүссэн үед иргэдийн худалдан авалт, эрэлт нэмэгдсэнээр бодит хэрэгцээ өсдөг гэж тайлбарлав.

Аравдугаар сард АИ-92 автобензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ-аас гадна бусад улсуудаас шатахуун татан авах захиалгыг баталгаажуулсан байна.

Тодруулбал,

* ОХУ-аас 60 мянга орчим тонн АИ-92 автобензин импортлохоор баталгаажуулжээ. Үүнээс “Роснефть” компани өнгөрсөн есдүгээр сард 53 мянган тонн бүтээгдэхүүн нийлүүлэхээр баталгаажуулсан бол энэ сард 57 мянган тонн болгон нэмэгдүүлсэн байна.

* БНХАУ-аас 8000 орчим тонн автобензин импортлохоор захиалга батлагджээ.

* БНСУ, Сингапур зэрэг улсаас далайн тээврээр шатахуун татан авахаар ажиллаж байгаа бөгөөд бүтээгдэхүүн 10 дугаар сарын дунд үеэс орж ирэхээр төлөвлөжээ.

* Шинэ эх үүсвэрүүдээс нийт 20 гаруй мянган тонн АИ-92 автобензин импортлох боломж бүрдсэн байна.

Ингэснээр энэ сард нийт 77-78 мянган тонн орчим АИ-92 автобензин импортлохоор захиалгаа баталгаажуулсан байна. Батлагдсан хуваарийн дагуу татан авалтыг саадгүй зохион байгуулж чадвал АИ-92 автобензиний нийлүүлэлтийг аравдугаар сард хэвийн түвшинд хүргэх боломжтой гэж мэдээллээ. 

Шатахууныг өндөр үнээр дамлан худалдаалж буй зөрчилд шалгалт хийж байна

Мөн шатахууны хомстлыг ашиглан шатахуун дамлан худалдаалж, зохиомол дараалал үүсгэж буй асуудалд хяналт шалгалт хийж эхэлжээ. Эрүүгийн цагдаагийн алба болон Тагнуулын ерөнхий газраас ажлын хэсэг гарган шалгалт хийж байгаа бөгөөд зарим этгээд автомашин, мотоциклоор шатахуун түгээх станцад дараалал үүсгэн, сав, канистрт шатахуун авч нөөцлөөд өндөр үнээр борлуулж байгаа зөрчил илэрч буйг мэдээлэв. Энэ нь шатахуун түгээх станцуудын дарааллыг нэмэгдүүлж, иргэдийн дунд бухимдал үүсгэх нөхцөл болж байгаа тул хууль, хяналтын байгууллагуудын зүгээс таслан зогсоох арга хэмжээ авч байгаа аж.

Р.Нямдаваа: Шатахууны нийлүүлэлтийн эх үүсвэрийг солонгоруулах шаардлагатай

Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа дэлхийн зах зээл дэх шатахууны нийлүүлэлтэд геополитикийн нөхцөл байдал нөлөөлж байгааг мэдээлэв. Түүний мэдээлснээр, сүүлийн долоон сарын хугацаанд Ормузын хоолойн тээврийн урсгал саатсантай холбоотойгоор Азийн улс орнуудад шатахууны нийлүүлэлт доголдох нөхцөл үүссэн байна. Мөн Улаан тэнгисийг холбодог Баб-эль-Мандебын хоолойн үйл ажиллагаа саатах эрсдэл нэмэгдэж байгаа аж. Дэлхийн хэмжээнд он гарснаас хойш шатахууны үнэ дунджаар 21 орчим хувиар, сүүлийн гурван сарын хугацаанд 12 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байна. Зарим улс оронд сүүлийн зургаан сарын хугацаанд шатахууны үнэ 110 хувиар буюу 2.1 дахин нэмэгдсэн талаар мэдээлэв.

Мөн Европын орнуудад энэ оны дөрөвдүгээр улиралд агаарын түлшний нийлүүлэлтэд хүндрэл үүсэх төлөвтэй байгаа бөгөөд зарим улс орон түлшний шинэ эх үүсвэрийг Ази, Африкийн орнуудаас эрэлхийлж эхэлсэн байна. Харин Монгол Улсын хувьд агаарын түлш болон дизель түлшний нийлүүлэлт харьцангуй хэвийн хадгалагдаж байгаа гэж мэдээллээ. Р.Нямдаваагийн хэлснээр, олон улсын геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, дэлхийн зах зээлийн үнийн хөдөлгөөнийг урьдчилан таамаглахад хүндрэлтэй байгаа энэ үед Монгол Улс шатахууны нийлүүлэлтийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх шаардлагатай байна. Иймээс холбогдох яам, байгууллага болон дипломат төлөөлөгчийн газрууд шатахууны импортын эх үүсвэрийг солонгоруулах, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд ажиллаж байгаа гэв.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!