Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улсад хийж буй албан айлчлалын хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Терминал-2 буюу өргөтгөл барих нэн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт өнөөдөр /2026.09.29/ талууд гарын үсэг зурлаа.
Сангийн сайд З.Мэндсайханы мэдээлснээр, Японы Засгийн газраас олгох 158 тэрбум иений зээл нь жилийн 1.1 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай байна. Үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөр төлөхгүй бөгөөд энэ нь Японы Засгийн газраас Монгол Улсад олгож буй сүүлийн нэн хөнгөлөлттэй зээл аж. Харин энэ санхүүжилтээр нисэх буудлын хоёрдугаар өргөтгөлийн төслийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, 81 мянга орчим ам метр талбай бүхий шинэ зорчигчийн терминал барьж, инженерийн болон дулааны шугам сүлжээ зэрэг шаардлагатай дэд бүтцийг байгуулахаар төлөвлөжээ.
Өргөтгөл хийх болсон гол шалтгаан нь одоогийн нисэх буудлын ачаалал нэмэгдсэнтэй холбоотой. Тус буудал жилд 1.6 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай боловч одоогоор хоёр сая орчим зорчигчид үйлчилж байна.
Тиймээс Терминал-2 буюу өргөтгөл ашиглалтад орсноор нисэх буудлын хүчин чадлыг 3.2 дахин нэмэгдүүлж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авах боломж бүрдэхээр тооцоолжээ.

