АНУ бол манай улсын хувьд хамгийн том гуравдагч хөрш, цаашлаад даян дэлхийн улс орнуудын соёлт ертөнцийн жишиг НҮБ чуулдаг газар.
Тэр ч утгаар АНУ-д хөл тавьсан аливаа айлчлал, үйл ажиллагаа бүрийн цаадах ач холбогдлыг анзаарч харж байх нь чухал юм. Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 81-р чуулганы Ерөнхий ассамблейд уламжлал ёсоор оролцоод ирлээ. Цаашлаад хамгийн олон монголчууд оршин суудаг Чикаго хотноо зочилсон юм.
Геополитикийн байдал нэн төвөгтэй байна. Судлаачдын үзэж буйгаар дэлхийн хүчний тэнхлэгийг өөрчлөх тухай тэмцэл нэгэнт мэдэгдээд эхэлжээ. Угтаа хүн төрөлхтний түүх бол нэг талдаа дайны түүх. Булаан эзлэлтийн, хөрөнгө мөнгөний, эрх мэдлийн төлөөх түүх байж ирсэн. Хоёр том дайн, олон сая хүний амь насыг үзээд өнөөгийн энх тайванч үзэл баримтлал, эв найрамдалтайгаар зэрэгцэн орших тухай ойлголтод хүрсэн билээ. Энэ бол соёл, сэтгэлгээний хувьд ололт, дэвшил юм.
Үүнээс эргээд ухарч мэдэх аливаа үзэгдэл газар авсан халуун уур амьсгал дээр НҮБ чууллаа.
Болж буй үйл явдлуудаас Монгол Улсад шууд ба шууд бусаар хохиролтой тусаж байгаа зүйлс олон. Харин Ерөнхий ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлийн хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцон үг хэлэхдээ, “Монголын их амар амгалан” концепцыг эшилж улс орнуудад энх тайвныг уриалсан нь ихээхэн оновчтой алхам болов. Гэтэл зарим улс орнуудын төлөөллөөс учиргүй улстөржиж, аль нэг талыг баримталж, ахуйн шинжтэй асуудлуудаа шууд тулган тавих байдлаар үг хэлж байх жишээтэй.
У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хувьд хамтран зүтгэж чадвал НҮБ-ыг эргээд энх тайвны төлөөх хүчирхэг байгууллага болгож чадна, найман зууны тэртээх “Монголын их амар амгалан” өнөөгийн ертөнцөд ч цогцлох боломжтой гэдгийг илэрхийлэв. Гадаад бодлогын хувьд энэ үг жинтэй, ухаалаг туссан. Чуулганы үеэр манай Ерөнхийлөгчийн 100 кг-ийн штангийг 20 оролтоор шахсан бичлэг ярианы сэдэв болох жишээтэй. Энэ бол хөнгөн, мааз сэдэв ч гэлээ 800 жилийн өмнөх монголчуудын хүчирхэг үр хойчис өнөөдрийн тавцанд энх тайван, амар амгаланг уриалан буй дүр зураг онцгой тусахад өөрийн гэсэн хувь нэмрийг оруулж байв гэлтэй. Өнгөрсөн жилүүдэд НҮБ-ын индэр дээр илэрхийлэгдэх Монгол Улсын байр суурь гэдэг зүйлийн жин бан үлэмж өсөн нэмэгдсэн. Дэлхийн улс орнуудын цэрэг, армидаа зарцуулсан 2.9 их наяд ам.долларыг уур амьсгалын өөрчлөлт ч юм уу, хүүхэд эмэгтэйчүүдийн хөгжилд зориулсан бол? гэдгийг нийтээрээ, эрүүл саруул ухаанаар тунгаах цаг нэгэнт болжээ гэж тэрбээр үгэндээ хавчуулсан.
Хэлэх үггүй, хийсэн ажилгүй байдаг цаг нэгэнтээ ард хоцорч байна. Энэ жилийн тухайд л гэхэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дараах зүйлсийг олон улсын хэмжээнд бахархалтайгаар дурдсан:
· Энхийг сахиулах үйл ажиллагаанд Монголын 23 мянган алба хаагч оролцсон, тэдний 15 хувь эмэгтэй. Цаашлаад “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо” сэдэвт олон улсын хоёр дахь удаагийн бага хурлыг 2027 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөсөн.
· Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг 68.8 хувьтай хэрэгжүүлж байна. “Даян дэлхийн малчдын чуулга уулзалт”, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын хурлыг эх орондоо амжилттай зохион байгууллаа.
· “Дэлхийн адууны өдөр”, “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийг санаачлан НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлууллаа.
· Жендерийн тэгш байдлын агуулгаар “Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын бага хурал”, “Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт”, “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”, “Дэлхийн эмэгтэй бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Ирэх аравдугаар сард “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт” зохион байгуулна.
Үүний дээр мэдээж “Тэрбум мод” хөтөлбөрийн үр дүнг тайлагнах нь үргэлж анхаарал татдаг. Ингээд салбар салбарт хэрэгжүүлсэн ажилтай, цаашлаад бусад улс орнуудаа уриалан дуудсан, тодорхой хэмжээнд шүүмжилсэн агуулгатайгаар Ерөнхийлөгч үгээ дуусгасан.
Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орны сонгуульд албан ёсоор нэрээ дэвшүүлсэн нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн ажилласан зургаан жилийн хугацаан дахь эталон алхам боллоо. Дэлхийд үүсээд байгаа тогтворгүй нөхцөл байдлын хамтдаа шийдвэрлэхийн тулд ажилладаг энэ бүтцэд тодорхой хувь нэмэртэй, оролцоотой болох амбийцтай байгаагаа ингэж илэрхийлсэн.
НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоод Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чикаго хотноо байх консулын газар зочилсон. АНУ-д 40 мянган монгол хүн амьдардгаас тал хувь нь Чикагод бий. Тийм ч учраас Чикагод консулын газар байгуулах анхдагч санаачилга У.Хүрэлсүхээс гарсан байдаг. Энэ консулын газар тийнхүү 2022 онд байгуулагдсанаас хойш Иллинойс, Индиана, Висконсин, Миссури, Мичиган, Миннесота, Айова, Охайо, Арканзас, Миссиссипи, Луизиана, Өмнөд Дакота, Умард Дакота, Небраска, Канзас гэсэн 15 мужид амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалж байгаа аж.
Төрийн тэргүүний хувьд тэрбээр монголчуудтайгаа уулзаад, эх орноо үргэлж эерэг сайнаар харах, бахархлаа хадгалах, хүүхдүүддээ монгол хэл соёлоо сургах, морин хуур, Чингис хаанаа дээдлэхийг захисан. У.Хүрэлсүхийн хувьд гадаадад явахдаа үргэлж, “Манай улсад дайн байлдаан, элдэв цунами, байгалийн гамшгийн аюул алга. Сүүлийн 30 жилд маш олон зүйл эерэгээр өөрчлөгдсөн, хөгжин дэвшсэн. Эх орноо сайнаар хар, болж бүтэж байгааг нь үнэлж дүгнэ” гэсэн агуулгыг онцлон хэлдэг уламжлалтайг мэдэх юм.
Энэ үеэрээ Ерөнхийлөгчийн нэрэмжит сагсанбөмбөгийн шилжин явах цомын анхдугаар тэмцээнийг зохион байгуулж, аваргалсан бага тамирчдад шагналыг нь гардуулж амжив. АНУ бол сагсанбөмбөгийн спортын эх орон. Тиймээс үүнд дуртай хүүхэд залуусыг дэмжих, харин цаашлаад АНУ-д амьдарч буй иргэдийнхээ эв нэгдэл, нөхөрлөлийг бэхжүүлэх зорилго агуулагджээ. Энэ тэмцээн жил бүр уламжлал болон зохион байгуулагдах юм байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зургаан жил ажиллахдаа НҮБ-ын индэр дээрх Монгол Улсын байр суурийг ямар хэмжээнд өргөн баталгаажуулсныг 81-р чуулганы өдрүүд илэрхийлж байв. Энэ түүхий бүрэн эрхийн хугацаандаа оролцсон, НҮБ-ын сүүлчийн чуулган байлаа. Дотооддоо амаргүй байдалтай нүүр тулсаар байгаа ч НҮБ-ын өмнө Тогтвортой хөгжлийн зорилтыг 70 гаруй хувьтай биелүүлсэн гэдгээ бахархалтайгаар онцолж чадах, бусад улсуудаа энэ чиглэлд уриалахын сацуу шүүмжлэх, бүр цаашлаад Аюулгүйн зөвлөлийн хэмжээнд дуу хоолойгоо хүргэх амбийцтай байгаагаа илэрхийлэх гэдэг том алхам мөн юм.
Дараа дараагийн жилүүдэд НҮБ-ын хүрээнд Монголын Ерөнхийлөгч юу гэх бол, тэр энэ бүхэнд ямар байр суурь илэрхийлэх бол гэж сонирхох, чих тавих, анзаарч хандахын эхлэл нэгэнтээ тавигдсаныг энэ удаагийн томилолт батлан харуулсан юм.

