Gerelnews
Post

Улс төр

2026, 9-р сар 29}

С.Бямбацогт: УИХ-ын цахим хуудсыг шинэчилж, гишүүдийн үйл ажиллагааг нээлттэй болголоо

Л.АззаяаЛ.Аззаяа

УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.09.29/ парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох хүрээнд УИХ-ын цахим хуудсыг шинэчилсэн талаар мэдээлэл хийлээ.


 "Нээлттэй Парламент" цахим платформыг шинэчлэснээр УИХ-ын гишүүдийн талаарх мэдээллийг нэг дороос авах боломжтой болжээ. Тухайлбал, гишүүн бүрийн намтар, аль тойргоос сонгогдсон мэдээлэл, ирц, хоцролт, таслалт, хөрөнгө орлогын мэдүүлэг, хуралдаанд хэлсэн үг болон санал хураалтад хэрхэн оролцсон мэдээлэл нээлттэй харагдах юм. Мөн УИХ-аар хэлэлцэж буй болон өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн мэдээлэл, тухайн хуулийн төслийн явц, холбогдох баримт бичигтэй танилцах боломж бүрджээ. Түүнчлэн нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны ирц, санал хураалтын дүн, хуралдааны дэлгэрэнгүй болон хураангуй тэмдэглэл зэргийг цахимаар харах боломжтой болсон байна. С.Бямбацогтын мэдээлснээр энэ шинэчлэлийн гол зорилго нь парламентын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг иргэдэд илүү ойлгомжтой, хүртээмжтэй хүргэж, иргэдийн мэдэх эрхийг хангах, парламентын үйл ажиллагаанд тавих олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Мөн E-Mongolia системийн “УИХ-Таныг сонсож байна” цахим сувгаар иргэдээс 700 гаруй санал, хүсэлт ирсэн байна. Тэдгээрээс хамгийн олон давтагдсан асуудал нь зээлийн мэдээллийн сан буюу “зээлийн хар жагсаалт”, орон сууцны болон цахим залилан, хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой байжээ. Иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг парламентын үйл ажиллагаанд тусган ажиллахын зэрэгцээ мэдээллийг нээлттэй болгосноор сонгогчид өөрсдийн сонгосон гишүүний ажил, оролцоо, ирц болон санал хураалтыг хянах боломж нэмэгдэж байна. Ингэснээр парламентын үйл ажиллагаа илүү ил тод болж, УИХ-ын гишүүд сонгогчдодоо хийсэн ажлаа тайлагнах, хариуцлагатай ажиллах нөхцөл бүрдэхийг УИХ-ын дарга онцоллоо.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!