Gerelnews
Post

Улс төр

2026, 9-р сар 28}

18 жилийн хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2.2 их наяд төгрөгийн урамшуулал, дэмжлэг олгожээ

Л.АззаяаЛ.Аззаяа

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны зохион байгуулж буй өнөөдөр /2026 оны Есдүгээр сарын 28/ ерөнхий хяналтын сонсголоор хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгосон дэмжлэг, урамшуулал, хөнгөлөлттэй зээл болон зээлийн хүүгийн татаасын хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж байна.


Сонсголын үеэр 2008-2025 оны хооронд буюу сүүлийн 18 жилийн хугацаанд тус салбарт төрөөс олгосон дэмжлэг, урамшууллын үр дүнгийн талаарх мэдээллийг танилцууллаа.

Тухайлбал, энэ хугацаанд:

* Урамшуулалд 538 тэрбум төгрөг,

* Дэмжлэгт 1.1 их наяд төгрөг,

* Хөнгөлөлттэй зээлд 4.4 их наяд төгрөг,

* үүнээс улсын төсвөөс зээлийн хүүгийн татааст 603 тэрбум төгрөг зарцуулжээ.

Урамшуулал, дэмжлэгийн хөтөлбөрүүдэд давхардсан тоогоор нийт нэг сая малчин, тариаланч болон аж ахуйн нэгж хамрагдсан байна. Мөн зургаан төрлийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн хүрээнд давхардсан тоогоор 52 мянган малчин, тариаланч, аж ахуйн нэгж хамрагджээ. Гэвч дээрх хэмжээний хөрөнгө, санхүүгийн дэмжлэгийг олон жилийн турш үзүүлсэн хэдий ч салбарын зарим гол үзүүлэлт хангалттай сайжраагүйг сонсголын үеэр онцолсон байна.

Тухайлбал, 2010 оноос хойш салбарын ажиллагчдын тоо 31 мянгаар буурсан үзүүлэлт гарчээ. Мөн салбарын бүтээмж улсын дунджаас хоёр дахин буурсан, харин салбарын импортын хамаарал 5.6 дахин өссөн байна.

Монгол Улсын хүнсний бодлогын гол зорилтуудын нэг нь хүн амыг дотоодын үйлдвэрлэлийн чанартай, баталгаатай, аюулгүй хүнсээр тогтвортой хангах явдал юм. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогод ч хүнсний аюулгүй байдлыг хангаж, хүн амыг шим тэжээллэг, баталгаатай хүнсээр тогтвортой хангах чиглэлийг тусгасан байдаг. Гэтэл импортын хамаарал нэмэгдэж, салбарын бүтээмж буурсан үзүүлэлт гарч байгаа нь төрийн дэмжлэгийг ямар хэлбэрээр, хэнд, ямар шалгуураар, ямар үр дүн гаргах зорилгоор олгох вэ гэдгийг дахин авч үзэх шаардлагатайг харуулж байна.

Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн статистикт ч хөдөө аж ахуйн салбарын ажиллагчдын тоо буурсан. Тухайлбал, 2024 оны дөрөвдүгээр улиралд өмнөх оны мөн үеэс хөдөө аж ахуйн салбарын ажиллагчдын тоо 26.9 мянгаар буурсан талаар Эдийн засаг, хөгжлийн яамны тайланд дурджээ. Иймээс ерөнхий хяналтын сонсголын хүрээнд өнгөрсөн 18 жилийн хугацаанд зарцуулсан хөрөнгийг зөвхөн хэдэн төгрөг олгосноор бус, тухайн санхүүжилтээр хэдий хэмжээний үйлдвэрлэл нэмэгдсэн, хэдэн ажлын байр бий болсон, импортыг хэр хэмжээгээр орлуулсан, бүтээмж хэрхэн өөрчлөгдсөн зэрэг бодит үр дүнгээр нь хэмжих шаардлагатайг онцолж байна.

Сонсголын үеэр танилцуулсан мэдээллээр нийт дүнгээр 2.2 их наяд төгрөгийн урамшуулал, дэмжлэг үзүүлсэн бөгөөд энэ нь хүн амын гуравны нэгтэй холбоотой хэмжээний хамрах хүрээтэй байна. Цаашид өмнөх бодлогын үр дүнг хэмжиж, түүнд үндэслэн дараагийн арга хэмжээг тодорхойлох шаардлагатай гэж үзэж байна.сс

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!