Gerelnews
Post

Улс төр

2026, 9-р сар 25}

Эрүүл хүүхэд бүр Монгол Улсын хамгийн үнэт хөрөнгө

Админ СэтгүүлчАдмин Сэтгүүлч

Монгол Улсад хүүхдийн мэс заслын алба үүсэж, хөгжсөний 70 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд “Эрүүл ирээдүйн төлөө” Хүүхэд, нярайн мэс заслын тусламжийг сайжруулах үндэсний форум зохион байгуулагдлаа.


Форумд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар болон хүүхдийн мэс заслын салбарын үе үеийн эмч, эрдэмтэн судлаач, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Хүүхэд, нярайн тусламжийг шинэ шатанд гаргаж, өндөр технологийн оношилгоо, эмчилгээний чадавхыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эмч, мэргэжилтнүүдийн ур чадвар, судалгаа шинжилгээ, инновацыг бодлогоор дэмжинэ гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр “Эрүүл хүүхэд бүр Монгол Улсын хамгийн үнэт хөрөнгө” хэмээн онцолж, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах нь салбарын тэргүүлэх зорилт гэв.

Мөн Монголын хүүхдийн мэс заслын салбарын 70 жилийн хөгжил нь олон мянган хүүхдийн амь нас, олон мянган гэр бүлийн итгэл найдвар, үе үеийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, хөдөлмөр, сэтгэл зүтгэлийн түүх болохыг онцлов.

Цаашид хүүхэд, нярайн тусламжийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүний нөөцийг бэхжүүлэх, эмч, мэргэжилтнүүдийг сургаж хөгжүүлэх, орчин үеийн технологи, инновацыг нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааг дэмжих, өндөр технологийн тусламжийн чадавхыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Өнгөрсөн 70 жилийн түүхээ хүндэтгэж, өнөөдрийн ололт амжилтаа бататган, хүүхэд, нярайн мэс заслын тусламж, үйлчилгээний дараагийн хөгжлийг хамтдаа бүтээх зорилт форумын хүрээнд тодорхойлогдлоо.

ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ

Монгол Улсад хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээний үндэс 1956 онд тавигдсан түүхтэй. Тухайн үеийн Эрүүл мэндийн яамны сайдын 1956 оны тавдугаар сарын 7-ны өдрийн 59 дүгээр тушаалаар Хүүхдийн нэгдсэн эмнэлэгт 40 ортой ерөнхий мэс заслын тасаг байгуулжээ. Тус тасаг хоёр их эмч, дунд болон бага мэргэжлийн 18 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн байна.

Тухайн үед хагалгаа, боолтын сувилагч, ээлжийн сувилагч, асрагчдын бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан бол өнөөдөр хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээ олон чиглэлээр төрөлжин хөгжжээ. Өдгөө хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээ чих, хамар, хоолой, цээжний мэс засал, мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тусламж зэрэг олон чиглэлээр хөгжиж, эмнэлзүйн тусламж үйлчилгээг сургалт, эрдэм шинжилгээ, судалгаатай хослуулан хөгжүүлж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!