Gerelnews
Post

Чөлөөт булан

2026, 9-р сар 25}

Эвдрэлийг гарахаас нь өмнө илрүүлэх ухаалаг метро VELLINK

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч


Метроны хэвийн бус ажиллагааг илрүүлж, гэмтэл гарахаас өмнө анхааруулахын зэрэгцээ зорчигчийн тав тухыг нэмэгдүүлэхээр бүтээсэн VELLINK метрог Германы Берлин хотод болсон InnoTrans 2026 олон улсын тээврийн технологийн үзэсгэлэнгийн үеэр дэлхийд анх удаа танилцуулжээ. БНХАУ-ын Жилинь мужийн албан ёсны Go Jilin сайтад мэдээлснээр CRRC Changchun Railway Vehicles компанийн хөгжүүлсэн уг метро нь хиймэл оюун ухаан, олон төрлийн мэдрэгч болон өндөр хурдны холбооны технологийг ашиглан орчны нөхцөлийг таних, хэвийн бус ажиллагааг илрүүлэх, болзошгүй гэмтлийг урьдчилан анхааруулах боломжтой аж. Компанийн зүгээс энэхүү сайжруулалт нь метроны засвар, үйлчилгээний зардлыг бууруулахад чиглэсэн байна.

Шинэ метроны технологийн өөрчлөлт зорчигчдод хамгийн түрүүнд тав тух болон үйлчилгээний найдвартай байдлаар мэдрэгдэх юм. VELLINK-ийн зорчигчийн хэсгийг панорам цонх, хөдөлгөж тохируулах боломжтой суудал, дуу чимээ бууруулах шийдэл, динамик гэрэлтүүлэгтэй таазаар тоногложээ. Нөгөө талаас AI-д суурилсан хяналтын систем нь зам болон метроны ажиллагааг бодит цагт хянаж, доголдлыг эрт илрүүлэх зориулалттай. Өөрөөр хэлбэл, шинэ технологийн зорилго нь зөвхөн метрог “ухаалаг” болгохоос гадна зорчигчдын өдөр тутмын үйлчилгээг илүү тав тухтай, найдвартай байлгахад чиглэж байна.

Үйлдвэрлэгчийн мэдээлснээр VELLINK-ийг хөнгөн материал болон нэгдсэн системээр бүтээснээр нийт жинг нь ойролцоогоор 18 хувиар, эрчим хүчний хэрэглээг 10-аас дээш хувиар бууруулжээ. Мөн ашиглалтын нийт мөчлөгт ялгарах нүүрстөрөгчийг ойролцоогоор 15 хувиар бууруулах тооцоотой байна. Ийнхүү VELLINK-ийн танилцуулсан шийдлүүд нь ирээдүйн метро зөвхөн зорчигчийг нэг цэгээс нөгөөд хүргэх бус, эвдрэл доголдлыг урьдчилан илрүүлэх, зорчих орчныг тав тухтай болгох, эрчим хүчний хэрэглээг багасгах чиглэлд хөгжиж байгааг харуулж байна.

Эх сурвалж: Go Jilin, CRRC Corporation Limited

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!