Gerelnews
Post

Gerelnews Stories

2026, 10-р сар 30}

Halloween буюу Сүнсний баяр 2000 гаруй жилийн өмнө хэрхэн үүссэн бэ?

Л.АззаяаЛ.Аззаяа

Жил бүрийн Аравдугаар сарын 31-нд дэлхийн олон оронд Halloween буюу Сүнсний баярыг тэмдэглэдэг. Энэ үеэр хүмүүс аймшгийн дүрд хувирч, гэр орноо хулуугаар чимэглэн, хүүхдүүд айлаар явж амттан цуглуулдаг уламжлалтай. Гэвч өнөөдөр зугаа цэнгэл, баяр ёслолын хэлбэрээр тэмдэглэдэг болсон энэ баяр анх нас барагсдын сүнс дэлхийд эргэн ирдэг гэх эртний итгэл үнэмшлээс үүсэлтэй ажээ.


Halloween-ий үүсэл: Эртний Кельтүүдийн Самхэйн баяр

Halloween-ий үүсэл 2000 гаруй жилийн өмнөх Европын Кельтүүдийн Самхэйн (Samhain) хэмээх баяртай холбоотой. Кельтүүд одоогийн Ирланд, Шотланд, Уэльс болон Баруун Европын зарим нутагт амьдарч байсан бөгөөд Арваннэгдүгээр сарын 1-нийг шинэ жилийн эхлэл гэж үздэг байжээ.

Энэ өдөр ургац хураалт дуусаж, дулаан улирал ард хоцрон, өвлийн хүйтэн улирал эхэлдэг байв. Харин шинэ жилийн өмнөх Аравдугаар сарын 31-ний шөнө амьд хүмүүс болон нас барагсдын ертөнцийн зааг бүдгэрч, нас барсан хүмүүсийн сүнс дэлхийд эргэн ирдэг гэж итгэдэг байсан аж.

Тэд сүнснүүдээс өөрсдийгөө хамгаалахын тулд томоохон гал түлж, галын эргэн тойронд цуглардаг байжээ. Мөн амьтны арьс, толгойгоор хийсэн хувцас өмсөж, дүрээ хувиргадаг байсан нь өнөөгийн Halloween-ий багт наадмын уламжлалын нэгэн эх сурвалж гэж үздэг. Энэ үеэр хүмүүс ирэх өвлийн улиралд бэлтгэж, галын дөлөөр дамжуулан гэр орноо хамгаална хэмээн итгэдэг байжээ.

Христийн шашинтай холбогдож, Halloween нэр бий болсон нь

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эртний Кельтүүдийн уламжлал Христийн шашны зан үйлтэй холилджээ. VIII зуунд Ромын пап Гуравдугаар Григорий Арваннэгдүгээр сарын 1-нийг бүх гэгээнтэн, алагдсан хүмүүсийг хүндэтгэх өдөр болгон тогтоосон байна. Үүнийг All Saints' Day буюу Бүх гэгээнтний өдөр гэж нэрлэдэг. Харин уг өдрийн өмнөх оройг All Hallows' Eve буюу бүх гэгээнтний өдрийн өмнөх орой гэж нэрлэх болжээ. Энэ нэр цаг хугацааны явцад товчлогдсоор Halloween болсон байна. Ийнхүү эртний Кельтүүдийн Самхэйн баяр болон Христийн шашны уламжлал хоорондоо нэгдэж, өнөөгийн Halloween баярын үндэс бүрджээ.

Halloween-ий үеэр хүмүүс сүнс, шулам, чөтгөр болон бусад аймшгийн дүрд хувирдаг уламжлалтай. Энэ нь эртний хүмүүсийн сүнснээс өөрсдийгөө хамгаалах гэсэн итгэл үнэмшилтэй холбоотой. Кельтүүд нас барагсдын сүнс дэлхийд ирдэг гэж үздэг байсан тул амьтны арьсаар хувцас хийж, баг өмсөн өөрсдийн дүр төрхийг өөрчилдөг байжээ.

Харин дундад зууны Европт хүмүүс сүнс, чөтгөр зэрэг дүрд хувирч, айлаар яван дуу дуулж, тоглоом үзүүлдэг уламжлал бий болсон байна. Энэ нь хожим Halloween-ий хувцасны баяр болон хөгжжээ.

Хүүхдүүд яагаад айлаар явж амттан цуглуулдаг вэ?

Halloween-ий хамгийн алдартай уламжлалуудын нэг бол Trick-or-treat буюу айлаар явж амттан цуглуулах заншил юм. Энэ уламжлал дундад зууны Английн Souling хэмээх зан үйлтэй холбоотой. Тухайн үед ядуу хүмүүс чинээлэг айлуудаар явж, нас барагсдын сүнсний төлөө залбирахын хариуд Soul Cake буюу сүнсний бялуу авдаг байжээ. Хожим хүүхдүүд энэ зан үйлийг үргэлжлүүлэн айлаар явж, дуу дуулж, шүлэг уншиж, тоглоом үзүүлснийхээ хариуд хоол хүнс, жимс, мөнгө авдаг болсон байна.

Шотланд, Ирландад энэ заншлыг Guising гэж нэрлэдэг байв. Харин өнөөгийн бидний мэдэх Trick-or-treat хэллэг 1920-иод онд Хойд Америкт хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайны дараа хүүхдүүдийн дунд өргөн дэлгэрчээ.

Хулууг яагаад сийлж, дотор нь гэрэл асаадаг вэ?

Halloween-ий гол бэлгэдэл болсон гэрэлтүүлсэн хулууг Jack-o'-lantern гэж нэрлэдэг. Гэхдээ анх хүмүүс хулуу бус манжин, төмс, хүрэн манжин зэрэг үндэслэг ногоог ухаж, дотор нь гэрэл байрлуулдаг байжээ.

Энэ уламжлал Ирландын Жак хэмээх харамч хүний тухай ардын домогтой холбоотой. Домогт өгүүлснээр Жак чөтгөрийг хуурч, өөрийг нь тамд авахгүй байх тохиролцоо хийсэн боловч нас барсныхаа дараа диваажинд ч орж чадалгүй, харанхуйд тэнүүчлэх болжээ. Түүнд замаа гэрэлтүүлэхээр зөвхөн цог барих гэрэл өгсөн бөгөөд Жак түүнийг ухсан ногоонд хийж авч явдаг байсан гэдэг.

Энэ домгоос үүдэн хүмүүс аймшигтай нүүрний дүрс сийлж, дотор нь гэрэл байрлуулах уламжлалтай болсон гэж үздэг. Харин XIX зуунд Ирландын цагаачид Америкт очсоноор манжингийн оронд илүү том, сийлэхэд хялбар хулуу ашиглах болжээ. Ингэснээр гэрэлтүүлсэн хулуу Halloween-ий хамгийн танигдсан бэлгэдэл болсон байна.

Halloween дэлхий даяар хэрхэн тархсан бэ?

XIX зуунд Ирланд, Шотландын олон цагаач АНУ-д нүүж очсоноор Halloween-ий уламжлал Хойд Америкт дэлгэрч эхэлсэн байна. Ялангуяа Ирландад болсон их өлсгөлөнгийн үеэр олон хүн Америк руу цагаачилсан нь энэ баярыг түгээн дэлгэрүүлэхэд нөлөөлжээ.

XX зууны эхэн үед Halloween-ийг зөвхөн сүнс, аймшигтай дүртэй холбон тэмдэглэхээс илүүтэйгээр олон нийтийн баяр, хүүхэд залуусын зугаа цэнгэлийн өдөр болгох хандлага нэмэгдсэн байна.

1920–1950-иад оны хооронд хүүхдүүд айлаар явж амттан цуглуулах уламжлал АНУ-д өргөн дэлгэрчээ. Улмаар Америкийн соёлын нөлөөгөөр Halloween Европын бусад орон болон Азийн зарим бүс нутагт түгсэн байна.

Монголд Halloween хэрхэн дэлгэрсэн бэ?

Halloween нь Монголын уламжлалт баяр биш бөгөөд барууны соёлын нөлөөгөөр олон нийтэд танигдсан баяр юм. Гадаадын кино, телевизийн нэвтрүүлэг, англи хэлний сургалт, олон нийтийн арга хэмжээ зэргээр дамжин хүүхэд, залуусын дунд танигдаж эхэлсэн гэж үзэж болно. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод Halloween-ий сэдэвт үдэшлэг, хувцасны арга хэмжээ зохион байгуулах, гэр орон болон үйлчилгээний газруудаа хулуу, аймшгийн дүрсээр чимэглэх нь түгээмэл болсон.

Halloween-ий үеэр хүүхдүүд аймшгийн хувцас өмсөн, айл бүрийн хаалгыг тогшиж амттан хүсэх нь баярын нэгэн уламжлал юм. Тиймээс энэ үеэр хаалгаа тогшсон бяцхан зочдод уурлахын оронд боломжтой бол жижигхэн амттан бэлдэж тавиарай. Хэрэв чихэр өгөх боломжгүй бол эелдгээр тайлбарлахад хангалттай. Харин хүүхдүүдэд амттан өгөхдөө үйлдвэрийн савлагаатай, хугацаа нь дуусаагүй бүтээгдэхүүн сонгож, баярыг нь аюулгүй, хөгжилтэй өнгөрүүлэхэд анхаараарай. Заримдаа хүүхдийн баяр хөөрийг бий болгоход ганцхан ширхэг чихэр ч хангалттай байдаг шүү.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!