Ардчилсан намаас өнөөдөр буюу 2026 оны Есдүгээр сарын 24-нд мэдээлэл хийх үеэр Оюу толгойгоос ирэх онд Монгол Улсад орж ирэхээр тооцож буй 2 их наяд төгрөгийн ногдол ашгийг иргэдийн хуримтлалын нэрийн дансанд бүртгэх ёстой гэж мэдэгдэв. УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын хэлснээр уг мөнгийг цахилгаан станц болон бусад төсөлд зарцуулахаар төлөвлөж байгаа нь Үндэсний баялгийн сангийн тухай хуультай зөрчилдөж байна гэж үзэж байгаа аж.
Тэрбээр “Ирэх онд Оюу толгойгоос орж ирэх 2 их наядыг VI цахилгаан станцад хөрөнгө оруулах хийх зэрэг асуудлууд яригдаж байна. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. 2024.04.19-нд батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар бол энэ ногдол ашиг нь зөвхөн хуримтлалын дансанд буюу иргэдийн нэрийн дансанд бичигдэх ёстой. Нэг иргэнд 835 мянга орчим төгрөг ногдох байтал үүгээр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байгаа нь увайгүй үйлдэл” хэмээн мэдэгдсэн байна.
Яагаад 835 мянган төгрөг гэж?
АН-ын мэдээлэлд дурдсанаар Оюу толгойгоос 2027 онд 2 их наяд төгрөгийн ногдол ашиг орж ирэхээр тооцож байгаа бөгөөд үүнийг Монгол Улсын иргэдийн тоонд хуваарилбал нэг иргэнд ойролцоогоор 835 мянган төгрөг ногдоно гэж Г.Ганбаатар тооцоолжээ. Энэ нь ногдол ашгийн эцсийн батлагдсан дүн биш, харин АН-ын төлөөлөгчийн хийсэн тооцоо гэдгийг ялгаж ойлгох шаардлагатай.
Энэ асуудал хэзээнээс яригдаж эхэлсэн бэ?
Монгол Улс Оюу толгой төслийн 34 хувийг эзэмшдэг. Гэвч Монголын талын 34 хувийг эзэмшихтэй холбоотой өр, зээлийн асуудлаас шалтгаалан олон жилийн турш Монголын талд ногдол ашиг шууд хүртэх нөхцөл бүрдээгүй байсан. Харин 2022 онд Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” компанитай тохиролцож, Оюу толгойн Монголын талын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлэх шийдвэрт хүрсэн. Ингэснээр Монголын талд ногдох өгөөжийг нэмэгдүүлэх, цаашид ногдол ашиг хүртэх боломжийг бүрдүүлэх томоохон өөрчлөлт болсон. Үүний дараа Монгол Улс баялгийн орлогыг иргэдэд хэрхэн хүртээх асуудлыг хуульчилсан. Тодруулбал, УИХ 2024 оны Дөрөвдүгээр сарын 19-нд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан. Уг хуулиар байгалийн баялгаас бий болсон орлогын тодорхой хэсгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, иргэдэд үр өгөөжийг нь хүртээх зохицуулалт бий болсон. Хуримтлалын сангийн хөрөнгийг Монгол Улсын иргэн бүрийн хуримтлалын нэрийн дансанд бүртгэх зохицуулалттай. Иймээс Оюу толгойн ногдол ашгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтад зарцуулах эсэх асуудал нь Үндэсний баялгийн сангийн тухай хуультай хэрхэн нийцэх вэ гэсэн маргааныг үүсгээд байна.
2 их наяд төгрөгийг юунд зарцуулахаар яригдаж байна вэ?
2027 оны төсөвт Оюу толгойгоос 2 их наяд төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлэхээр тооцсон бөгөөд уг хөрөнгийг томоохон хөрөнгө оруулалтын төслүүдэд зарцуулахаар төлөвлөж байна. АН-ын мэдээллээр үүнд VI цахилгаан станц болон 10 аймгийн дулааны цахилгаан станц зэрэг төслүүд багтаж байгаа юм. Г.Ганбаатар 10 аймгийн ДЦС-ийг барьж байгуулах асуудлыг дэмжиж байгаа ч иргэдийн хуримтлалын хөрөнгийг тэдгээр төсөлд зарцуулах шийдвэрийг иргэдээс санал авалгүйгээр гаргаж болохгүй гэж мэдэгдсэн байна. Харин АН-ын бүлгийн эдийн засгийн бодлогын зөвлөх А.Батпүрэв Засгийн газрыг төсвийн зарлагыг нэмэгдүүлж, Оюу толгойн болон бусад компаниас орж ирэх ногдол ашгийг иргэдийн хуримтлалын дансанд төвлөрүүлэхийн оронд төсөл хөтөлбөрүүдэд зарцуулах гэж байна хэмээн шүүмжилжээ. Түүнчлэн АН-аас 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсөвт Засгийн газрын өрийг нийт 21 их наядаар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн, төсвийн зарлага тэлж байгаа зэрэг асуудлыг мөн шүүмжилсэн байна. Ингэснээр өнөөдрийн маргааны гол цөм нь Оюу толгойн ирээдүйн ногдол ашгийг иргэн бүрийн нэрийн дансанд хуримтлуулах уу, эсвэл улсын хэмжээний томоохон хөрөнгө оруулалтын төслүүдэд зарцуулах уу гэдэг асуудал болж байна. Харин 2 их наяд төгрөгийн ногдол ашиг нь эцэслэн батлагдсан олголтын дүн биш, 2027 оны төсөвт тооцсон дүн бөгөөд нэг иргэнд 835 мянган төгрөг ногдоно гэсэн тооцоо нь Г.Ганбаатарын өнөөдрийн мэдээлэлд хэлсэн тооцоо юм.

