Gerelnews
Post

Улс төр

2026, 9-р сар 21}

Б.Найдалаа: “Зэс-Оюу” хуваарилах байгууламж ашиглалтад орсноор БНХАУ-аас 80 МВт хүртэл эрчим хүч импортлох боломж бүрдэнэ

Л.АззаяаЛ.Аззаяа

Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр эрчим хүчний салбарын асуудлаар мэдээлэл хийх үеэр “Зэс-Оюу” хуваарилах байгууламжийн талаар тайлбарлалаа. Тэрбээр уг байгууламж ашиглалтад орсноор БНХАУ-аас 80 МВт хүртэлх хүчин чадалтай цахилгаан эрчим хүч импортлох техникийн боломж бүрдэж байгаа талаар мэдээлэв.


Тэрбээр “Зэс-Оюу” нь цахилгаан эрчим хүчийг хуваарилах зориулалттай байгууламж бөгөөд шинэ компани, шинэ орон тоо бий болгож байгаа асуудал биш гэдгийг тодотголоо.

Мөн Оюу толгой өөрийн хэрэгцээнд зориулан эрчим хүчний эх үүсвэр барих боломж бүрдэж байгаа бөгөөд үүнээс өмнө ийм боломж байгаагүй гэдгийг хэлэв.

Б.Найдалаагийн тайлбарласнаар эрчим хүч импортлох боломжийг бүрдүүлж байгаа нь зөвхөн импортыг нэмэгдүүлэх зорилготой биш, Монгол Улсын дотоодын эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх урт хугацааны бодлогын нэг хэсэг юм.

Түүнчлэн Монгол Улс цаашид эрчим хүчний асар их нөөц боломжоо ашиглан хөрш орнуудтайгаа хуваалцахын тулд экспортын бодлоготой байх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр эрчим хүч экспортлох асуудал нь Монгол Улсын хувьд цоо шинэ ойлголт бөгөөд үүнийг хэрэгжүүлэхийн өмнө нарийвчилсан судалгаа хийх шаардлагатайг онцоллоо. Тухайлбал, аль чиглэлд экспортлох, ямар боломж байгаа, хууль эрх зүйн орчин ямар байх, ямар хүчин чадлаар хаана станц байгуулах, ямар эрчим хүчийг ямар шугамаар дамжуулах, ямар төслөөр хэрэгжүүлэх зэрэг асуудлыг судлах шаардлагатай байна гэв.

Энэ чиглэлийн судалгааг Шадар сайд хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд хийж байгаа гэж Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдээллээ.

Тэрбээр “Бид зөвхөн экспортлох гээд байгаа юм биш. Энэ бол дотоодын эрчим хүчний асуудлаа шийдэх урт хугацааны шийдэл. Цаашлаад асар их нөөцөө хөрш орнуудтайгаа хуваалцахын тулд экспортын бодлого зайлшгүй хэрэгтэй” хэмээн тайлбарлав.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!