Хуулийн төсөлд төрийн шагналд нэр дэвшигчийн мэдээллийг шагнал олгохоос 30-аас доошгүй хоногийн өмнө төрийн албан ёсны цахим хуудсаар нийтэд ил тод мэдээлэхээр тусгасан байна.
УИХ-ын гишүүн Саруулсайханы Цэнгүүн “Төрийн шагналын тухай” хуулийн төслийг 2026 оны 9 дүгээр сарын 11-нд боловсруулжээ. Хуулийн төсөлд төрийн шагналын төрөл, ангилал, эрэмбэ, олгох шалгуур, хязгаарыг тогтоож, шагнал олгох үйл ажиллагааг ил тод болгохоор тусгасан байна.
Төсөлд төрийн шагналыг төрийн дээд шагнал, төрийн хүндэт шагнал, хүн амын өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд олгох шагнал, мал сүргийн эдийн засгийн үр өгөөжийг дэмжих бодлогын хүрээнд олгох шагнал гэсэн дөрвөн ангилалтай байхаар тусгажээ.
Тухайлбал, Чингис хаан одонг таван жилд нэг удаа нэг хүртэл иргэнд, Улсын баатар одонг гурван жилд нэг удаа нэг хүртэл иргэнд олгохоор заасан байна. Харин Төрийн соёрхол тэмдгийг хоёр жилд нэг удаа нэг хүртэл бүтээлд олгохоор тусгажээ.
Мөн /Алтан гэрэгэ/-г гурван жилд нэг удаа нэг хүртэл иргэнд, /Мөнгөн гэрэгэ/-г жилд нэг удаа нэг хүртэл иргэнд олгох зохицуулалт оруулсан байна. Түүнчлэн “Энхийн төлөө” тэмдгийг жилд гурав хүртэл, “Эр зоригийн тэмдэг”-ийг жилд тав хүртэл иргэнд олгохоор тусгажээ.

