Өвлийн улиралд нийслэлийн иргэдийн өдөр тутмын амьдралд шууд хамаарах түлш, дулаан, зам, нийтийн тээврийн бэлтгэл ямар түвшинд байгааг танилцууллаа.
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр /2026.09.16/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.
Түүний мэдээлснээр, нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг урьдчилан хангаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 573 төсөл, арга хэмжээ 83 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Өвөлжилтийн бэлтгэлийг замын халтиргаа гулгаанаас сэргийлэх, цахилгаан, дулааны найдвартай байдлыг хангах, нийтийн тээврийн хүлээлгийн хугацааг бууруулах, агаарын чанарыг сайжруулахад чиглүүлж байгаа аж.
Түлшний нөөц, түгээлтэд анхаарч байна
Есдүгээр сарын 15-наас галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн хэмжээнд түлшний нөөц, түгээлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. Энэ улиралд 280 мянган тонн хагас коксожсон түлш, 120 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг 446 цэгээр жигд, хүртээмжтэй борлуулахаар төлөвлөжээ.
Мөн энэ жил 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлсэн байна. Үүнээс гадна 100-4,200 кВт хүчин чадалтай уурын зуухнуудаас наймыг нь шингэрүүлсэн нефтийн хийн түлшид шилжүүлжээ. Ингэснээр агаарын бохирдлыг 5.6 хувиар бууруулах боломжтой талаар мэдээлсэн байна.
Инженерийн шугам сүлжээний шинэчлэл үргэлжилж байна
Өвөлжилтийн бэлтгэлд дулаан, цахилгаан болон инженерийн дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангах асуудал мөн багтаж байна. Улаанбаатар хотын дулааны ачаалал 149 хувь, цахилгааны ачаалал 106 хувь, ариутгах татуургын систем 105-117 хувийн ачаалалтай байгаа аж.
Харин нийт шугам сүлжээний 60 хувийн насжилт хэтэрсэн тул газар доорх инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн ажлыг хийж байна. Энэ хүрээнд 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байгаа юм.
Зам, дугуйн замын бүтээн байгуулалт
Нийслэлийн замын сүлжээг өргөтгөх, шинэчлэх ажлын хүрээнд энэ онд нийт 111 км шинэ зам барьж, 31 км замд засвар хийжээ. Мөн 70 гаруй км дугуйн зам байгуулсан байна. Ирэх онд дугуйн замын сүлжээг 350 орчим км-т хүргэх бодлого баримталж байгаа аж.
Нийтийн тээврийн бэлтгэл
Өвлийн улиралд нийтийн тээврийн хэвийн үйл ажиллагааг хангах хүрээнд нийт 1300 автобусыг бэлэн байдалд оруулжээ. Мөн 450 тонн буюу ес хоногийн хэрэглээний шатахууны нөөц бүрдүүлсэн байна.
Иргэд автобусыг удаан хүлээхээс сэргийлж, автобусны буудлуудад тухайн автобус хэзээ ирэхийг харуулах мэдээллийн дэлгэц байрлуулахаар төлөвлөжээ. Замын халтиргаа гулгаанаас сэргийлэх давс, бодисын нөөцийг мөн 90 гаруй хувиар бүрдүүлсэн байна.
Дулаан, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлнэ
Нийслэлийн дулаан, эрчим хүчний хангамжийг цаашид нэмэгдүүлэх хүрээнд Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тус станц ашиглалтад орсноор 100 мянган айлын цахилгаан, 50 мянган айлын дулааны асуудлыг шийдвэрлэх боломжтой болох юм.
Мөн 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Туршилт, тохируулгын ажлыг 2026 оны Арванхоёрдугаар сараас эхлүүлэхээр болжээ.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад шаардлагатай технологийн ажлуудыг гүйцэтгэсэн байна. Тус станцын гуравдугаар ээлжийн 150 МВт хүчин чадалтай станцыг 2027 оны Арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
Эрүүл мэндийн байгууллагуудын бэлтгэл
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудын их болон урсгал засварын ажил мөн хийгдэж байгаа бөгөөд одоогоор 87 хувийн гүйцэтгэлтэй байна.
Түүнчлэн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн харьяа гурван амаржих газрыг хүүхдийн төрөлжсөн эмнэлэг болгохоор бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар нийслэлийн Засаг дарга мэдээллээ.

