Шадар сайд Н.Номтойбаярын нэр холбогдох МАК ХХК-ийн төлбөрийн баримт дэлгэгдэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга А.Намсаманд Есдүгээр сарын 14-нд хийсэн мэдээллийн үеэр Засгийн газрын танхимын нэг сайдтай холбоотой 53 тэрбум гаруй төгрөгийн материал шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байгаа талаар мэдээлсэн юм. Тэрбээр тухайн үед сайдын нэрийг тодорхой дурдаагүй бөгөөд уг асуудалтай холбоотой баримт, мэдээллийг дэлгэсэн.
Харин Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2026 оны Есдүгээр сарын 7-ны өдрийн албан бичигт “Монголын Алт (МАК) ХХК”-ийг төлбөр төлөгчөөр дурдсан бөгөөд төлбөрийн дүнг 53,061,762,241.87 төгрөг гэж тусгажээ. Мөн уг баримтад МАК ХХК-ийн дансны зарлагыг дээрх үнийн дүнгээр хязгаарлах, төлбөрийг Голомт банкны 340513358 тоот дансанд шилжүүлэх талаар тусгасан байна.
Уг компанитай холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаярын нэр яригдаж байгаа бөгөөд тэрбээр өмнө нь “Монголын Алт” (МАК) ХХК-д удирдах албан тушаал хашиж байсан юм. Тус компани нь Н.Номтойбаярын гэр бүлийн бизнесийн хүрээнд хамаардаг.

Өөрөөр хэлбэл, Шадар сайд Н.Номтойбаярын хамаарал бүхий МАК ХХК нь 53 тэрбум гаруй төгрөгийн төлбөрийн асуудалтай бөгөөд уг төлбөрийг барагдуулахтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа нь дээрх баримтаас харагдаж байна.

