Gerelnews
Post

Улс төр

2026, 9-р сар 15}

Г.Дамдинням: БНХАУ-аас жилд 1 сая тонн шатахуун авахаар ажиллаж байна

Л.АззаяаЛ.Аззаяа

Г.Дамдинням: “Ядарсан үедээ битгий гүйж ирээд байгаач гэсэн шаардлага тавьсан. Манайх захиалгаа нэгтгэж өгөх, заавал тогтмол авах нөхцөлтэй.”


Монгол Улс шатахууны хэрэгцээнийхээ тодорхой хэсгийг БНХАУ-аас тогтмол нийлүүлэхээр тохиролцож, жилд 1 сая тонн орчим газрын тосны бүтээгдэхүүн импортлохоор ажиллаж байна. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-д ажиллах үеэрээ газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн асуудлаар тохиролцсон талаар мэдээллээ.

Тэрбээр “ОХУ одоо зөвхөн Монгол Улс руу шатахуун экспортолж байгаа. Бусад улс руу экспортлохгүй байгаа. Өнгөрсөн долоо, наймдугаар сараас манай хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй болсон. Үлдэж байгаа хэсгийг БНХАУ, БНСУ-аас авч байна” гэв.

Мөн БНХАУ-ын талаас Монгол Улсад шатахууныг тогтмол нийлүүлэх, үнийг зах зээлийн зарчмаар тохирох санал тавьсан байна. Үүний зэрэгцээ захиалгаа нэгтгэж, тогтмол худалдан авалт хийх шаардлага тавьжээ. Монгол Улс жилд ойролцоогоор 3 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэдэг. УИХ-д танилцуулсан мэдээллээр 2025 онд газрын тосны бүтээгдэхүүний импорт 2.9 сая тонн байсан бол 2026 онд энэ хэмжээ 3 сая тоннд хүрэх төлөвтэй байна. Ийм нөхцөлд Монгол Улс шатахууны импортын сувгаа нэмэгдүүлэхээр БНХАУ-аас авах шатахууны хэмжээг өсгөх зорилт тавиад байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Наймдугаар сард БНХАУ-аас авах газрын тосны бүтээгдэхүүний хэмжээг дотоодын нийт хэрэглээний 30 хувьд хүргэхээр ажиллаж байгаагаа мэдээлсэн. Энэ нь жилийн хэрэглээгээр тооцвол ойролцоогоор 900 мянган тонн шатахуунтай дүйцэх хэмжээ юм. Харин Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-д хийсэн уулзалтын үр дүнд Монгол Улс жилд 1 сая тонн орчим шатахуун авах чиглэлээр ажиллаж байгааг мэдээлсэн. Энэ нь Монгол Улсын жилийн нийт хэрэглээний ойролцоогоор гуравны нэгийг БНХАУ-аас хангах боломжийг бүрдүүлэх зорилт юм.

Шатахууны үнэ дэлхийн зах зээлийн үнээс хамаарна

БНХАУ-аас авах шатахууны үнийн талаар сайд Г.Дамдинням дэлхийн зах зээлийн үнийг баримтлахаас өөр аргагүй гэдгийг онцоллоо. Түүний хэлснээр ОХУ Евро-2 стандартын шатахуун үйлдвэрлэж байгаа цорын ганц улс бөгөөд Монгол Улс хямд шатахуун авах хүсэлт тавьдаг тул Ангарскийн үйлдвэрт Монгол болон Киргизстаны зах зээлд зориулсан тусгай үйлдвэрлэлийн шугам ажиллуулдаг байна. Харин БНХАУ Евро-5 стандартын шатахуун хэрэглэж байгаа бөгөөд Евро-6 стандарт руу шилжиж байгаа ба Монгол Улс ч мөн Евро-5 стандартын шатахуунд шилжих шаардлагатай болж байгааг сайд Г.Дамдинням хэлэв.

Намрын шатахууны хангамжийг таслахгүй байхыг хичээж байна

 АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Монгол Улс шатахууны хангамжийг тасалдуулахгүй байх чиглэлээр ажиллаж байгаа ч одоогоор хангалттай хэмжээний нөөц бүрдүүлж чадаагүй байгааг хэллээ. Тэрбээр “Одоогоор нөөц бүрдүүлж хараахан чадаагүй. Оруулж ирж байгааг нь бүгдийг нь түгээж байна. Үнэндээ олж ирж чадаж байвал амжилт” хэмээн мэдээлэв. Г.Дамдиннямын мэдээлснээр Засгийн газар АИ-92 автобензиний үнэд тодорхой хэмжээнд зохицуулалт хийдэг бол АИ-95 болон дизель түлш зэрэг бусад төрлийн шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэ болон импортын өртөгт нийцүүлэн тогтоодог байна. АҮЭБЯ өмнө нь АИ-92-ын импортын үнийг 705 ам.долларт тогтворжуулсан талаар мэдээлж байсан. Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 онд багтаан хадгалах савны хүчин чадлыг 150 мянган м³-ээр, 2027 оны наймдугаар сар гэхэд нийт 300 мянган м³-ээр нэмэгдүүлж, улмаар улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээний шатахууны нөөц хадгалах боломж бүрдүүлэхээр төлөвлөжээ. Харин 2028 он гэхэд ердийн хэрэглээний гурван сарын нөөц хадгалах хүчин чадалтай болох зорилт тавьсан байна. Ингэснээр шатахууны нийлүүлэлт гэнэт тасалдах үед импортын шинэ нийлүүлэлт орж ирэх хүртэлх хугацаанд дотоодын хэрэгцээг нөөцөөс хангах боломжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!