УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийж байна. Чуулганы хугацаанд нийт 35 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр хаалтаа хийсэн. Тус чуулганаар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн боловч эцэслэн баталж чадалгүй өндөрлөсөн юм.
Харин намрын ээлжит чуулганаар ирэх оны төсөв болон эдийн засаг, нийгмийн салбартай холбоотой хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэнэ.
Тодруулбал, 2027 оны улсын төсөв, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Үндэсний баялгийн сангийн төсөв, мөн 2027 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Үүнээс гадна НӨАТ-ын тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Улс төрийн намын тухай хууль, Банкны тухай хууль, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай, Статистикийн тухай, Үндсэн хуулийн цэцийн тухай, Газрын тухай, Эрүүл мэндийн ажилтны тухай болон Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ.
Түүнчлэн Дулаан хангамжийн тухай болон Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

