Gerelnews
Post

Улс төр

2026, 9-р сар 11}

Л.Оюун-Эрдэнийг дэмжигчид дур тавих цаг

С.СумхүүС.Сумхүү

Жил гаруйн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг залуучуудын жагсаалаас гадна улс төр, намын хагарлын шалтгаанаар огцруулсан байдаг. Өөрт нь итгэл үзүүлэх тогтоолын төслийг өргөн барих хүртэл МАН-ын байран дотор тэсгэл алдсан юм болж, нэг ёсондоо шахаж, шаардаж, буланд шахсан. Намын байрны гадаа дандаа залуу үеийнхэн шударга ёсыг нэхэн олон өдөр жагсаад, төрийн тэргүүн нь УИХ-ын чуулганы хуралдаанд өөрөө орж ирж үг хэлээд, уг хүн ч таван жил тасралтгүй ажиллаад вакумжчихсан, аанай л нөгөө нөхцөл нь бүрдэнэ гээч болсон түүхтэй.


Улс төрийн үүднээс үнэн шалтгааныг ойлгож байсан түүний дэмжигчид хэлэх үггүй, хийх үйлдэлгүй болж дотроо өшрөл зангирал тээж үлдсэн гэхэд хилсдэхгүй. 

МАН доторх “Ах нар”-ын фракцтай хожим нь Д.Амарбаясгалан тэмцэх гэж үзээд бараагүй. Энэ хагарлаас хойш УИХ-д суудалтай МАН-ын гишүүд ч хоёр хуваагдаж, өдгөө яригдаад байгаа “30-ын бүлэг” гээч үүсэн бий болсон. 

Ингээд Л.Оюун-Эрдэнийн оронд нөгөө фракцаас тавьсан төлөөний хүн бол Ням-Осорын Учрал юм. Тэр хэдхэн сарын дотор УИХ-ын дарга, МАН-ын дарга, тэгээд Ерөнхий сайд болсон. Г.Занданшатарын дээгүүр түүнийг гишгүүлсэн. 

Зунжин шатахуун тасарч, махны үнэ тэнгэрт хадаж, инфляц зургаан сарын дотор хоёр дахин нэмэгдээд иргэдийн амьдрал жир биш боллоо. Тэгсэн ч геополитикийн нөхцөл байдлыг хаана хаанаа ойлгож, хүлцэн тэвчиж өдийг хүрэв.

Харин 2026 оны улсын төсвийг тодотгож, 2027 оны төсвийг өргөн барин, намрын чуулган эхэлсэн энэ өдрүүдэд жинхэнэ улстөр эхэлж байгааг бид харлаа.

Төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөг хэмнэж, түүний 50 тэрбумаар “Гэрт ойрхон сургууль” гэж шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхээ Н.Учрал мэдэгдсэн байдаг. Олон нийтэд нээлттэй байгаа, өргөн баригдсан төсвийн материалууд дотор 50 тэрбум гэж тоо байгаа ч үүний задаргаа байгаагүй. Өөрөөр хэлбэл 50 тэрбумыг хэрхэн зарцуулах тодорхой болоогүй.

Гэтэл Өргөдлийн байнгын хорооны гишүүд энэ задаргааг шаардтал Сангийн яамнаас excel файл илгээсэн гэдэг нарратив үүслээ. Харин энэ файл дотор нь Ерөнхий сайд Н.Учралын ээж Ж.Цэцэгмаагийн ноднин 2025 онд байгуулсан “Их Засаг Кинг” гэж хувийн сургуульд 3.5 тэрбум төгрөг өгөхөөр тусгачихсан байж таарав. Ингээд МАН-ын 30-ын бүлгийн тал идэвхийлэн сэвж гарлаа.

Үүсээд байгаа нөхцөл байдалд Засгийн газар барьц алдаж бужигнасан. Сангийн сайд З.Мэндсайхан төсөв өргөн барьсан хүн атлаа 50 тэрбумыг задаргааг мэдэхгүй, үзээгүй гэж мэлзэв. Боловсролын сайд Л.Энх-Амгалан хилийн чанадаас мэдэгдэл хийхдээ гишүүдэд очсон задаргааны файлын талаар ямар ч үг унагасангүй тойров. Ерөнхий сайд Н.Учрал өөрөө яаран сандран АТГ-т явж очиж шалгуулахаа мэдэгдэхдээ “Ийм файлыг ямар албан тушаалтан, ямар зорилгоор тараасныг шалгана” гэх утгатай үг хэлэв.

Угтаа энд хэцүү юм байхгүй. Учир нь тодотголыг батлаагүй, төсвөөс ямар ч мөнгө гараагүй байгаа. Зүгээр л мөнөөх excel файл албан ёсны төлөвлөгөө мөн эсэхийг хэлчихэд хангалттай явдал. Нэг ёсондоо, “Тэр файлыг үзсэн. Буруу файл байна лээ. Буруу материалыг улс төрийн зорилгоор тэр талын тэр хүн тараажээ” гээд хэлчихэд л болно. Харамсалтай нь өнөөдөр хэн ч Өргөдлийн байнгын хорооны гишүүдэд Сангийн яамнаас өгсөн гэх excel файлыг үгүйсгэхгүй тойрч байна. Тэгэхээр энэ нэг юмыг хэлж байна. Гэхдээ асуудал яаж ч дэвэрсэн өндрөө авах боломж тун бага. Учир нь тухайн файлыг зүгээр л алдаа байсан, жинхэнэ зарцуулалтын хүснэгт энэ гэж үзүүлээд мултарчих бололцоотой.

Харин энэ үес Л.Оюун-Эрдэнийг дэмжигчид л жил гаруйн дараа дур тавин тавирч авч байх шиг. Аргагүй, өшрөл зангирлаа тайлах боломж өдийг хүртэл олдоогүй. Л.Оюун-Эрдэнийг бэрийн цүнхээр шалтгаалан огцруулсан, уг тансаг хэрэглээний эх үүсвэр төсвийн мөнгө биш гэдгийг АТГ шалгаад тогтоочихсон гэгддэг. Атал Н.Учрал дээр бодитоор 3.5 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа тул харьцуулж бодно, сэтгэл зүрх нь амрахгүй, ойлгомжтой. 

Нэг ёсондоо өшөө авч Н.Учралыг дэвсэн тайтгарах, болж өгвөл огцруулах санаа сэдэл тэдэнд өнөө хэр байна. 30-ын бүлгийнхэн арайчиг өөрсдөө 50 тэрбумын задаргааг зохиож хийгээд сэвчихээгүй байлтай.

Гэтэл дараалсан хоёр сонгууль биднийг хүлээж байна. Гадаад дотоод нөхцөл байдал амаргүй байна. Дур тавьж өшрөлөө тайлах цаг мөч энэ мөн үү, биш үү. Үүнийг л хаана хаанаа бодох учиртай.

 

 

 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!