Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажлаа хүлээн авснаас хойших 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээ танилцуулах үеэр нийслэлийн замын хөдөлгөөн, нийтийн тээврийн хүртээмжийн талаар мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотод давхардсан тоогоор өдөр бүр 3.1 сая зорчилт хийгдэж, 800 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог. Хотын иргэд хоногт дунджаар 3 цагийг түгжрэлд өнгөрүүлдэг. Хотын нийт 3.1 сая зорчилтын 74.5 хувийг ажил, сургуультай холбоотой зорчилт эзэлжээ.
Энэ нь түгжрэл автомашины тооны асуудал гэхээс илүү хотын үйлчилгээ хаана байрласны асуудал болжээ. Өдөрт 3.1 саяд хүрч байгаа зорчилтыг шалтгаан, байршлаар нь шинжилж, нийтийн тээвэр, сургууль, авто зам, дугуйн зам, их багтаамжийн тээврийг нэг бодлогоор уялдуулах бодлогыг хэрэгжүүлж байгаагаа хотын дарга Б.Пүрэвдагва онцоллоо.

