УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан орчин цагийн нийгэм дэх хэлмэгдүүлэлтийн асуудлыг хөндлөө.
Тэрбээр гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй байхад хүмүүсийг цахим орчинд буруутгаж, нийгмийн зүгээс яллан цээрлүүлэх хандлага нэмэгдсэнийг шүүмжилсэн байна. Мөн улс төр, эрх мэдлийн нөлөөллөөр тодорхой асуудлыг олон нийтэд чиглүүлэн дэвэргэдэг гэх хардлага нийгэмд бий болсныг онцолсон юм.
С.Цэнгүүн “Алга болсон” хэргүүдийн талаар хэн хариуцлага хүлээсэн, бодит эзэд нь хэн байсан, хэнийг хэлмэгдүүлсэн зэрэг олон асуулт өнөө хэр тодорхойгүй хэвээр байгааг хэлсэн байна. Үүний улмаас нийгэмд үл ойлголцол, талцал бий болж, асуудлууд таавар, оньсого хэвээр үлдэж байна гэв.
Түүнчлэн улс төр, эрх мэдлийн нөлөөллөөс үүдсэн тодорхойгүй байдал нь зөвхөн улс төрийн хүрээнд бус, энгийн иргэд болон хувийн хэвшилд ч сөргөөр нөлөөлж байгааг онцоллоо.
Түүний хэлснээр улс төрийн дэмжлэггүй тохиолдолд хувийн хэвшлийн үйл ажиллагаа урагшлахад хүндрэл учирч, бизнесийн орчинд төрийн нөлөө хэт давамгайлах эрсдэл бий болжээ.
Мөн тэрбээр төрийн өмчит компаниудад 70 их наяд төгрөгийн хөрөнгө төвлөрөх асуудлыг шүүмжилж, энэ нь Монгол Улс төрийн зохицуулалт давамгайлсан эдийн засгийн тогтолцоо руу шилжих, улмаар “Дарга төвтэй” тогтолцоо дахин бэхжих эрсдэлийг харуулж байна гэж байр сууриа илэрхийллээ.

