Ерөнхий боловсролын сурагчдын “Их нүүдэл” шатрын үндэсний хөтөлбөрийн нээлтийн танилцуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо. Боловсролын яам Монголын Шатрын холбоотой хамтран хэрэгжүүлж буй уг хөтөлбөрийг 2026–2027 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн 1–5 дугаар ангийн сурагчдад хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
“Их нүүдэл” нь хичээлийн үндсэн судлагдахуун бус бөгөөд шатрын тоглоомоор дамжуулан хүүхдийн шүүн тунгаах, асуудал шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх, бүтээлчээр сэтгэх зэрэг чадварыг хөгжүүлэх зорилготой.
Хөтөлбөрийн хүрээнд бага ангийн сурагчдад шатрын сургалтыг зохион байгуулах бөгөөд багш нарыг бэлтгэх ажлыг урьдчилан эхлүүлжээ. Нийслэлийн есөн дүүргийн төрийн өмчийн 180 гаруй сургуулийн бага боловсролын сургалтын менежер, багш нар сургагч багшийн сургалтад хамрагдсан байна. Мөн хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх бэлтгэлийн хүрээнд сургуулиудад 10 мянган иж бүрдэл шатар хүргэхээр ажиллаж байгаа аж.
Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар “Их нүүдэл” хөтөлбөрийн гол зорилго нь хүүхэд бүрийг мэргэжлийн шатарчин болгох бус, бодож тунгаан, гаргасан шийдвэртээ эзэн болох чадварыг төлөвшүүлэх явдал гэдгийг онцолсон юм.
Ийнхүү шатрын спортыг цөөн хүүхдийн дугуйлан, секцийн хүрээнээс гаргаж, хүүхдийн хөгжил, боловсролын нэг хэсэг болгон өргөжүүлэх зорилготой “Их нүүдэл” хөтөлбөрийг энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэлж байна.

