Gerelnews
Post

Gerelnews Stories

2026, 9-р сар 04}

ОХУ Удоканы ордыг түшиглэсэн зэсийн үйлдвэрийнхээ үйл ажиллагааг эхлүүлэв

AdminAdmin

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн томоохон зэсийн ордуудын нэг болох Удоканы ордыг түшиглэсэн баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах ёслолд цахимаар оролцжээ.


Өвөр Байгалийн хязгаарт хэрэгжиж буй уг төслийг ОХУ-ын тэрбумтан Алишер Усмановын эзэмшлийн компани хэрэгжүүлж байгаа юм. Тус үйлдвэр 2023 онд зэсийн баяжмал үйлдвэрлэж эхэлсэн ч тухайн оны сүүлээр үндсэн байгууламжид гал гарч, үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээн барих шаардлага үүссэн байна. Үүний улмаас төслийн албан ёсны нээлт хойшилжээ.

Шинээр ажиллаж эхэлсэн үйлдвэрийн гол бүтээгдэхүүн нь 99.99 хувийн цэвэршилттэй катодын зэс бөгөөд эхний шатанд жилд 150 мянган тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалтай байна.

Харин төслийн дараагийн шатны бүтээн байгуулалтыг 2028 онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд 550 мянган тонн хүртэл нэмэгдүүлэхээр тооцжээ. Энэ хэмжээнд хүрвэл Удоканы төсөл дэлхийн томоохон зэс үйлдвэрлэгчдийн эхний тавд багтах зорилготой байна.

Төслийн эхний шатанд нийт 2.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ. Үйлдвэрлэсэн зэсийг ОХУ-ын дотоодын зах зээлд нийлүүлэхийн зэрэгцээ БНХАУ болон бусад томоохон худалдан авагчдад экспортлохоор төлөвлөж байна.

Энэхүү үйлдвэр ашиглалтад орж буй нь дэлхийн зэсийн зах зээлд нийлүүлэлт хумигдсан үед тохиож байна. Дата төв, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарын өсөлтөөс шалтгаалан зэсийн эрэлт цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа бол зарим уурхайд олборлолтын саатал гарснаар зах зээлийн нийлүүлэлтийн дарамт нэмэгдээд байна.

Эх сурвалж: The Moscow Times

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!