Монголын адууны соёл, уламжлалыг сурталчлахын зэрэгцээ аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилготой “Мянган морьтон” арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын “Хаадын хаан морин парк”-д зохион байгуулагдана.
Хоёр өдрийн хөтөлбөрийн хүрээнд морьт харвааны олон улсын “Хийморь” тэмцээн, “Адуун төвөргөөн” морьт жагсаал, “Хаадын хаан Чингис хаан” морин шоу тоглолтыг үзэгчдэд толилуулах юм.
Мөн адуучдын ур чадвар, эмнэг сургах тэмцээнээс гадна жороо морины үзүүлбэр, дэмбээний тэмцээн зохион байгуулж, морин хуур болон үндэсний гар урлалын үзэсгэлэн худалдааг дэлгэнэ.
Монгол Улс адуу, морин соёлын өвөөрөө олон улсад танигдсан түүхтэй. Тухайлбал, 2013 онд 3000 морины уралдаан, 10 мянган морьтны жагсаал зохион байгуулж, уг үйл явдлыг “Гиннесийн дэлхийн рекорд”-д бүртгүүлж байсан юм.
Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр” бий болгох тухай тогтоолыг баталсан.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээр дэлхий дахинд 60.8 сая адуу бүртгэлтэй байдгаас таван сая гаруй нь Монгол Улсад байна. Адууны нийт тоогоор Монгол Улс дэлхийд дөрөвдүгээрт, харин нэг хүнд ногдох адууны тоогоор тэргүүлдэг байна.
“Мянган морьтон” арга хэмжээ нь Монголын адууны соёл, уламжлалыг олон нийт болон гадаадын жуулчдад таниулахын зэрэгцээ морин аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэж байна.


