Замын хөдөлгөөнд хуурамч улсын дугаартай тээврийн хэрэгслээр оролцож буй зөрчлийг телекамерын ухаалаг системээр илрүүлэн, холбогдох арга хэмжээг авч байна.
Тухайлбал, энэ сарын 18-ны 21:00 цагийн байдлаар тус системийн хяналтаар хуурамч улсын дугаар ашигласан 14 тээврийн хэрэгсэл илэрчээ.
Хуурамч улсын дугаар ашиглан замын хөдөлгөөнд оролцсон нь зөрчилд тооцогдох бөгөөд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Зөрчлийн тухай хуулийн 14.7.13-т зааснаар ийм зөрчил гаргасан иргэний жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, харин хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байна.
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс жолооч, тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд улсын дугаарыг хууль бусаар өөрчлөх, хуурамч улсын дугаар ашиглан замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарууллаа.
Ухаалаг камерын системийг ашигласнаар замын хөдөлгөөний зөрчлийг илрүүлэх, хяналтыг сайжруулах боломж нэмэгдэж байгаа бөгөөд жолооч бүр хууль, дүрмээ мөрдөж хөдөлгөөнд оролцох шаардлагатай гэв.

