Уур амьсгалын өөрчлөлт, усны хэрэглээний өсөлт, бохирдлын нөлөөгөөр 2050 он гэхэд дэлхийн 5 тэрбум гаруй хүн усны хомсдолд өртөх эрсдэлтэй байна.
НҮБ-ын тайланд дурдсанаар хүн төрөлхтөн жилд ойролцоогоор 4600 шоо километр ус хэрэглэдэг бөгөөд хэрэглээний 70 хувийг хөдөө аж ахуй, 20 хувийг аж үйлдвэр, үлдсэн 10 хувийг ахуйн хэрэгцээнд зарцуулдаг байна. Дэлхийн усны хэрэглээ өнгөрсөн 100 жилийн хугацаанд зургаа дахин нэмэгдэж, цаашид жил бүр нэг орчим хувиар өсөх төлөвтэй байгаа аж.
Харин Монгол Улс цэвэр усны нөөцийн хэмжээгээр дэлхийн 145 орноос 22 дугаарт эрэмбэлэгддэг ч усны нөөцөө хангалттай хуримтлуулж, зохистой ашиглаж чаддаггүйгээс усны нөөц багатай 20 орны нэгт тооцогддог байна.
Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсад 264 гол мөрөн, 704 булаг шанд, 286 нуур тойром, 12 рашаан ширгэсэн гэх мэдээлэл байна.
Мөн БОАЖЯ-ны мэдээлснээр усны нөөцөө хамгаалж, зохистой ашиглахгүй бол Монгол Улсад 2028 оноос усны хомсдол үүсэж, 2050 он гэхэд цэвэр усны хомсдол ноцтой хэмжээнд хүрэх эрсдэлтэй байна.
Иймээс усны нөөцийг хамгаалах, хуримтлуулах болон хэрэглээг бууруулах нь ирээдүйн усны аюулгүй байдлыг хангах чухал асуудал гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.

