Монгол Улсын Үндэсний номын сан үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тус номын санг 1921 оны Арваннэгдүгээр сарын 19-нд Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд 2000 гаруй номын фондтойгоор байгуулж байжээ.
Харин өдгөө гурван сая гаруй ном, хэвлэлийн бүтээл, ховор нандин гар бичмэл, судар, бичгийн дурсгал бүхий арвин сан хөмрөгтэй үндэсний хэмжээний эрдэм мэдлэг, оюуны өвийн төв болон өргөжсөн байна.
Үндэсний номын сан нь монголчуудын түүх, соёл, бичиг үсэг, оюуны өвийг хадгалан хамгаалах, судлан шинжлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Мөн ховор ном судар, гар бичмэл, түүхэн бичгийн дурсгалыг хойч үед өвлүүлэн үлдээх, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж иржээ.
Түүхт 105 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр “Номын сан судлал-2026” эрдэм шинжилгээний хурлыг хоёр дахь жилдээ зохион байгуулна. Тус хурлаар номын сангийн салбарт өрнөж буй өөрчлөлт, шинэчлэлийн асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ салбарын судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, номын сангийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад чиглэсэн санал, туршлагаа солилцох юм. Мөн ойн хүрээнд “Эрдэмд хөтөлсөн 105 жил” тусгай үзэсгэлэнг Үндэсний номын сангийн Салбар номын сангийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэн олон нийтэд толилуулах аж.

