“Тавантолгой түлш” компани 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд 280 мянган тонн хагас коксон түлш татан авахаар төлөвлөж, нийслэлийн 182.5 мянган өрхийн түлшний хангамжийг зохион байгуулж байна. Мөн ирэх сараас эхлэн нэг удаагийн түлшний олголтыг долоон шуудайгаас 14 шуудай болгох хувилбарыг судалж байгаа аж.
Одоогийн зохицуулалтаар айл өрхүүд долоо хоногт долоон шуудай түлш авдаг. Харин шинэ хувилбараар 14 хоногийн хэрэглээний нөөцийг нэг дор буюу 14 шуудайгаар авах боломж бүрдүүлэхээр судалж байна. Энэ нь түлшний хэрэглээний нийт нормыг хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр биш бөгөөд олголтын давтамжийг өөрчлөх зохицуулалт юм. Уг саналыг эхлээд нийслэлийн Засаг даргад танилцуулж, дараа нь эцсийн шийдвэрийг баталгаажуулах юм байна.
Нэг шуудай хагас коксон түлш 5000 төгрөгийн үнэтэй
Энэ халаалтын улиралд 25 килограммын нэг шуудай хагас коксон түлшийг 5000 төгрөгөөр, сайжруулсан шахмал түлшийг 3750 төгрөгөөр борлуулж байна. Иймд нэг өрх 14 шуудай хагас коксон түлш авбал нийт 70 мянган төгрөг төлнө. Одоогийн долоо хоногийн долоон шуудай олголтоор тооцвол 35 мянган төгрөгийн түлш авах боломжтой гэсэн үг.

448 борлуулалтын цэгээр 182.5 мянган өрхийг хангана
Энэ өвөл нийт 280 мянган тонн хагас коксон түлш татан авахаар төлөвлөсөн. Нийслэлийн 182.5 мянган өрхийг түлшээр хангах 26 агуулах, 448 борлуулалтын цэг, 38 компанийн 239 тээврийн хэрэгслийг ажиллуулж байна. Энэ сарын 15-ны байдлаар нийт 51.2 мянган тонн түлшний нөөц бүрдүүлснээс 51.145 мянган тонн нь хагас коксон түлш аж.
Төвийн долоон дүүргийн бүх хороонд гэрээт 448 борлуулалтын цэг ажиллаж байна. Хамгийн алслагдсан цэг нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны 6, 7 дугаар хэсэгт байрладаг бөгөөд Улаанбаатар хотоос 70 гаруй километрийн зайтай. Харин хамгийн өндөрлөгт байрладаг борлуулалтын цэг Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байдаг байна.


