Хиймэл оюуныг хайр дурлал, гэр бүлийн харилцааны талаар зөвлөгөө авах, сэтгэлээ уудлах зорилгоор ашиглах нь түгээмэл болжээ.
Гэвч хиймэл оюунтай хийсэн хувийн яриаг хамтрагч нь олж уншсанаар үл ойлголцол, итгэлцлийн асуудал үүсэх тохиолдол гарч байгааг TIME сэтгүүл Аравдугаар сарын 27-ны нийтлэлдээ дурджээ.
Тухайлбал, Линдси Холл хэмээх эмэгтэй найз залуугийнхаа ChatGPT-тэй өрнүүлсэн яриаг санамсаргүй олж уншихдаа өөрийнх нь гадаад төрх болон тэдний харилцааны талаар таагүй зүйлс бичсэнийг мэджээ. Үүний улмаас тэдний харилцаа салалтаар төгссөн байна. Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар хүмүүс хиймэл оюунтай ярилцахдаа тухайн мөчийн уур бухимдал, эргэлзээ, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь бий. Харин ийм яриаг өөр хүн унших тохиолдолд тухайн хүний жинхэнэ бодол, тогтсон байр суурь гэж ойлгох эрсдэлтэй аж. Мөн хиймэл оюун зөвхөн хэрэглэгчийн өгсөн мэдээлэлд тулгуурлан хариулдаг тул түүний зөвлөгөө нөхцөл байдлыг бүрэн нягталсан, бодит дүгнэлт байх боломж хомс байдаг байна.
Иймээс мэргэжилтнүүд хосууд хиймэл оюунд хувийн харилцааныхаа талаар ямар мэдээлэл оруулах, тэрхүү яриагаа хэрхэн нууцлах зэрэг асуудлаар харилцан ойлголцох нь чухал гэж тус нийтлэлд үзжээ.
Хиймэл оюун нь хүний бодлыг цэгцлэх, асуудлыг өөр өнцгөөс харахад тусалж болох ч хосуудын хоорондын шууд харилцаа, харилцан ойлголцлыг орлож чадахгүй.
Эх сурвалж: TIME

