Реформ клуб өнөөдөр /2026.10.26/ улс төрийн намуудын дотоод ардчилал, ил тод байдал, хариуцлагыг сайжруулах зорилгоор “Сонгуулийн жагсаалтын ил тод байдлын санаачилга” гаргаж, УИХ-д суудалтай намуудад зургаан шаардлага тавилаа. Тус клубээс нэр дэвшигчдийг ямар шалгуураар сонгож, хэрхэн эрэмбэлж байгаа нь намын дотоод шударга ёс болон парламентын төлөөллийн чанарт шууд нөлөөлдөг гэж үзэж байна.
Улс төрийн намын сонгуулийн жагсаалтад багтах нэр дэвшигчдийг сонгох үйл явц нь зөвхөн намын дотоод асуудал биш бөгөөд парламентад хэнийг төлөөлөл болгон оруулахтай холбоотой юм. Тиймээс нэр дэвшигчдийг сонгох шалгуур, шийдвэр гаргах үйл явц, жагсаалтын эрэмбийг олон нийтэд нээлттэй байлгах шаардлагатай гэж Реформ клуб үзжээ.
Энэ хүрээнд УИХ-д суудалтай намуудад дараах зургаан шаардлагыг тавьсан байна
Нэгдүгээрт, нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журмаа урьдчилан ил тод болгох. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид ямар шалгуур хангасан байх, тэднийг хэрхэн үнэлж, сонгохыг сонгон шалгаруулалт эхлэхээс өмнө олон нийтэд мэдээлэх шаардлагатай.
Хоёрдугаарт, нэр дэвшигчийг танил тал, нөлөөлөлд тулгуурлан бус, мэдлэг, чадвар, ажлын үр дүнгээр нь сонгох. Ингэснээр нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалтад мэргэжлийн ур чадвар, бодит гүйцэтгэлийг харгалзах зарчмыг хэрэгжүүлэхийг хүсжээ.
Гуравдугаарт, намын гишүүдийн бодит оролцоог хангах. Нэр дэвшигчийг тодруулах үйл явцад намын гишүүдийн санал, оролцоо ямар хэлбэрээр тусахыг тодорхой болгож, шийдвэр гаргах үйл явцад тэдний оролцоог хангах шаардлага тавьсан байна.
Дөрөвдүгээрт, нэр дэвшигчдийн жагсаалтын эрэмбэ болон шийдвэрийн үндэслэлийг тайлбарлах. Сонгуулийн жагсаалтад нэр дэвшигчдийг ямар дарааллаар байршуулсан, тухайн эрэмбийг ямар шалгуур, үндэслэлээр тогтоосныг олон нийтэд мэдээлэхийг шаарджээ.
Тавдугаарт, ашиг сонирхлын зөрчил болон гомдлыг шийдвэрлэх механизм бүрдүүлэх. Сонгон шалгаруулалтын явцад ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг хянах, нэр дэвшигч болон намын гишүүдээс гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зохицуулалттай байхыг хүссэн байна.
Зургаадугаарт, сонгон шалгаруулалтын хэрэгжилтийн тайланг нийтлэх. Намууд сонгон шалгаруулалтын журмаа хэрхэн хэрэгжүүлсэн, тавьсан шалгуурыг ямар байдлаар мөрдсөн талаарх тайланг олон нийтэд нээлттэй болгох шаардлага тавьжээ.
Реформ клубийн мэдээлснээр, “National Opinion” судалгааны 2026 оны Наймдугаар сарын дүнгээр судалгаанд оролцогчдын 37.5 хувь нь нийгмийн тулгамдсан асуудлыг аль ч улс төрийн нам шийдэж чадахгүй гэж хариулсан байна. Тус клуб энэ үзүүлэлтийг улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэл сул байгааг илтгэх дохио хэмээн үзэж байгаа аж.
Ийм нөхцөлд улс төрийн намуудын нэр дэвшигчээ тодруулах үйл явц ил тод, ойлгомжтой, хариуцлагатай байх нь иргэдэд намын шийдвэр гаргалтыг үнэлэх боломж олгоно гэж Реформ клубийн санаачилгад дурджээ.
Тус клубээс УИХ-д суудалтай намуудыг зургаан шаардлагыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хэрэгжүүлэх эсэхээ бичгээр мэдэгдэхийг хүссэн байна. Хэрэв хэрэгжүүлэхээр бол ямар арга хэмжээ авах, аль бүтэц хариуцах, хэдий хугацаанд хэрэгжүүлэхээ тодорхой тусгаж, олон нийтэд мэдээлэх шаардлага тавьжээ. Мөн улс төрийн намуудаас ирүүлсэн хариуг нэгтгэн, олон нийтэд ил тод танилцуулахаар төлөвлөсөн байна. Реформ клуб шударга ёс, шинэчлэлийг улс төрийн намууд өөрсдийн дотоод үйл ажиллагаанаас эхлүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ.

