“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны есдүгээр сарын 7-11-ний өдрүүдэд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан есөн удаагийн арилжаа хийж, нийт 896 мянган тонн нүүрсийг 97.7 сая ам.доллараар борлуулжээ. Тус компани есдүгээр сарын 11-нд мэдээлснээр, энэ хугацаанд коксжих болон эрчим хүчний нүүрс арилжаалсан бөгөөд есөн хэлцлийн зургаад нь нүүрсний үнэ анхны дуудах үнээс өссөн байна.
Тухайлбал, эрчим хүчний нүүрсний нэг арилжаанд тонн тутмын үнэ 69.7 ам.доллароос 84.7 ам.доллар болж, 21.5 хувиар өссөн нь тухайн долоо хоногийн хамгийн өндөр өсөлт болжээ. Уг хэлцлээр 128 мянган тонн нүүрсийг 10.84 сая ам.доллараар борлуулсан байна. Харин коксжих нүүрсний 64 мянган тоннын нэг арилжаанд үнэ 187.5 ам.доллароос 200.5 ам.доллар болж, 6.9 хувиар өсжээ. Нийт есөн арилжаагаар 256 мянган тонн коксжих нүүрс, 640 мянган тонн эрчим хүчний нүүрс борлуулсан байна.
Ийнхүү “Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны есдүгээр сарын 11-ний байдлаар он гарснаас хойш Монголын хөрөнгийн биржээр нийт 246 удаагийн арилжаа хийж, 15.9 сая тонн нүүрсийг 1.5 тэрбум ам.доллараар борлуулсан дүнтэй байна.
Эх сурвалж: "Эрдэнэс Тавантолгой" ХК

