Gerelnews
Post

Соёл урлаг

2026, 10-р сар 07}

Энтертайнмент салбарын хамгийн том нэгдлүүдийн нэг: Skydance

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч

АНУ-ын кино, медиа салбарын хоёр том тоглогч болох Paramount Skydance болон Warner Bros. Discovery нэгдэж, Skydance нэртэй шинэ компани байгуулагдлаа.


Paramount 2026 оны Аравдугаар сарын 6-нд Warner Bros. Discovery-г худалдан авах хэлцлээ албан ёсоор дуусгасан бөгөөд Ройтерс хэлцлийн нийт үнэлгээг 110 тэрбум ам.доллар гэж мэдээлжээ. Ингэснээр Холливудын хоёр том кино студи төдийгүй телевиз, стриминг, мэдээ, спортын олон томоохон брэнд нэг компанийн бүтцэд нэгдэж, Skydance дэлхийн энтертайнмент, медиа салбарын хамгийн том компаниудын нэг болж байна.

Шинэ Skydance-ийн бүрэлдэхүүнд Warner Bros. болон Paramount Pictures кино студи, HBO Max, Paramount+ стриминг үйлчилгээ, CBS, HBO зэрэг телевизийн суваг, мөн CNN, CBS News зэрэг мэдээллийн байгууллагууд багтжээ. Үүн дээр CBS Sports, TNT Sports болон “Harry Potter”, DC, “Mission: Impossible” зэрэг дэлхийд танигдсан кино, цувралын сангууд нэмэгдэж байна. Компанийн албан мэдээллээр нэгдсэн Skydance цаашид жил бүр хамгийн багадаа 30 кино театрын бүтээл, 180 гаруй телевизийн нэвтрүүлэг, цуврал гаргахаар төлөвлөжээ. Мөн компаниудын үйл ажиллагааг нэгтгэснээр гурван жилийн дотор жилд дор хаяж 6 тэрбум ам.долларын хэмнэлт, үр ашиг бий болгох зорилт тавьсан байна.

Ийнхүү Paramount болон Warner Bros. Discovery-ийн нэгдэл нь зөвхөн хоёр кино студийн хэлцэл бус, кино үйлдвэрлэлээс эхлээд стриминг, телевиз, мэдээ, спорт хүртэлх өргөн хүрээний бизнесийг нэг дор нэгтгэсэн томоохон өөрчлөлт болж байна. АНУ-ын Үнэт цаас, биржийн комисст ирүүлсэн баримтаар худалдан авах ажиллагаа Аравдугаар сарын 6-нд албан ёсоор дуусаж, Warner Bros. Discovery-ийн хувьцааны арилжаа зогссон бол шинэ Skydance Нью-Йоркийн хөрөнгийн биржид “SKYD” кодоор арилжаалагдаж эхэлжээ. Ийнхүү тус компани Netflix, Disney, Amazon, Apple зэрэг дэлхийн томоохон контент, стримингийн компаниудтай өрсөлдөх хэмжээний шинэ энтертайнментийн нэгдэл болон гарч ирж байна.

Эх сурвалж: Paramount, Reuters, АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс /SEC/

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!