АН-ын хаалттай хаалганы цаана юу болов?
О.Цогтгэрэл намын тамгаа өвөртөлсөөр АН-ын бүлгийн хуралд орж иржээ. Бүлгийн хуралд 37 гишүүн сууж, шинэ даргаа сонгох санал хураалт явуулсан гэх мэдээлэл байна. Х.Тэмүүжинг Х.Баттулгын талын гэгддэг 15 гишүүн дэмжжээ. Харин Б.Түвшинг 22 гишүүн дэмжсэн байна.
Өөрөөр хэлбэл, хуралдаанд суусан гишүүдийн олонхын санал Х.Тэмүүжингийн эсрэг гарчээ. Эндээс хаалттай хурлын үйл явдал сонирхолтой эргэв. Х.Тэмүүжин гарах боломжгүй болсон даруйд О.Цогтгэрэл санал хураалтыг эцэслээгүй гэх мэдээлэл байна.
Тэрбээр хуралдаа ирээгүй таван гишүүний саналыг заавал авна гэж зүтгэж, бүлгийн олонхын шийдвэрийг баталгаажуулаагүй гэх. Тэр таван гишүүний дунд Х.Баттулга, Л.Гантөмөр нар багтаж байгаа гэх мэдээлэл ч байна. Ингэснээр улс төрийн хүрээнд нэг хардлага хүчтэй яригдаж эхэлжээ.
О.Цогтгэрэл АН-ын тамгыг Х.Баттулгын талын нөлөөлөлд шилжүүлэх тохиролцоотой байсан уу? Хэрэв тийм тохиролцоо байсан бол 22:15 гэсэн санал түүнийг нь нураав уу?
37 гишүүнээс 22 нь нэг талд саналаа өгчихөөд байхад яагаад ирээгүй таван хүний санал шийдвэрлэх хэмжээнд чухал болов? Хаалттай хурлын цаадах тохиролцоо бүтэлгүйтсэн учраас санал хураалтын үр дүнг эцэслээгүй юу?
АН бусдад ардчилал ярьдаг. Харин өөрсдийнх нь хаалттай хурлын хаалганы цаана олонхийн санал хүртэл хүчин мөхөстөв үү?

