Gerelnews
Post

Улс төр

2026, 10-р сар 05}

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 53 үйлдвэрийг 1.2 их наядын зээлээр байгуулжээ

Л.АззаяаЛ.Аззаяа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд олгосон зээл, хэрэгжилтийн үр дүнгийн талаар танилцууллаа. Тус хөдөлгөөний хүрээнд 2023 оноос 2026 оны эхний хагас хүртэлх хугацаанд 1.2 их наяд гаруй төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, үүний үр дүнд 53 үйлдвэр шинээр ашиглалтад орсон байна.


Хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ үйлдвэр байгуулах, бүтээгдэхүүний нэр төрлийг өсгөхөд уг санхүүжилтийг чиглүүлжээ. Үүний тодорхой жишээ нь өндөг үйлдвэрлэгч “Түмэн шувуут” ХК бөгөөд хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Түмэн шувуут-2” үйлдвэрээ ашиглалтад оруулж, дараагийн үйлдвэрлэлийн өргөтгөлөө хийж байна. Тус компани 2025 онд 170 сая, 2026 онд 250 сая ширхэг өндөг үйлдвэрлэх зорилт тавьжээ. Мөн “Агрофийд” үйлдвэрээрээ шувуу, малын тэжээл үйлдвэрлэн 21 аймгийн 25 аж ахуйн нэгжид нийлүүлж байна.

Талх, нарийн боовны салбарт “Жүр үр” ХХК 10,000 кв.м  талбай бүхий шинэ үйлдвэрийн байр ашиглалтад оруулсан бол “Өгөөмж Архад” ХХК 2229 ам метр шинэ үйлдвэрийн байр байгуулж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа 2.4 дахин нэмэгдүүлжээ. Тус үйлдвэр хоногт 9.5 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болсон байна.

Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр “Монос хүнс” ХК мөн хөтөлбөрийн хүрээнд 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт болон эргэлтийн хөрөнгийн зээл авч, шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулсан байна. Үүний үр дүнд үйлдвэрлэлийн хүчин чадал нь гурав дахин нэмэгдэж, бүтээгдэхүүний нэр төрөл 72 хүрчээ.

Хүнсний ногоо, жимс боловсруулах чиглэлд “Газар шим үйлдвэр” ХК 4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр 2508 ам метр талбай бүхий хөргүүртэй зоорь байгуулж, байцаа, лууван, сонгино, чинжүү, мөөг, жимс хадгалах боломжтой болсон байна. Ингэснээр үйлдвэрлэлийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, үйлдвэрлэлийн хэмжээ 8.29 сая ширхэгээс 10.8 сая ширхэг болж өсжээ.

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд “Очирдагинас” ХХК хоёр шинэ үйлдвэр ашиглалтад оруулж, нийт үйлдвэрлэлийн хүчин чадлаа гурав дахин нэмэгдүүлсэн байна. Тус компани өдөрт 45-50 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болж, 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагийн 15 нь импортыг орлох бүтээгдэхүүн аж.

Орон нутгийн хүнсний үйлдвэрлэлийн нэг жишээ нь Багануур дүүргийн “Есөншанд” ХХК юм. Тус компани хөнгөлөлттэй зээлд хамрагдсанаар бүтээгдэхүүний нэр төрлөө 5-аас 11 болгон нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн хэмжээг 2023 оны 107 тонноос 180 тонн болгон өсгөжээ. Одоогоор дүүргийнхээ зах зээлийн 20-25 хувийг хангаж байгаа бөгөөд цаашид 50 хувьд хүргэх зорилт тавьсан байна.

Мөн “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд “Eden”, “Өгөөмж Архад”, “Жүр үр”, “Түмэн шувуут”, “Монос хүнс” зэрэг үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ өргөтгөсөн байна.

Харин экспортын чиглэлд “Талын Монгол”, “Лапша” зэрэг хүнсний бүтээгдэхүүн, “Тод-Оймс” зэрэг ноос, ноолуурын бүтээгдэхүүн Евразийн зах зээлд гарч эхэлсэн нь хөтөлбөрийн хүрээнд дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээс гадна экспортын бүтээгдэхүүн бий болгох зорилт хэрэгжиж байгааг харуулж байна.

Ц.Идэрбат өнөөдрийн мэдээллийн үеэр “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөрийн зээлийг банкаар дамжуулан олгодог бөгөөд аль нэг сайдын гарын үсгээр шууд зээл шийдвэрлэдэггүй гэдгийг тодотгосон. Өөрөөр хэлбэл, 53 үйлдвэр ашиглалтад орсон гэх үр дүнгийн цаана хүнсний үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл болон экспортын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлсэн олон аж ахуйн нэгж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!