Шатахууны шуурхай штаб өнөөдөр Ерөнхий сайдад ажлаа танилцуулж, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар өнөөдөр /2026.10.02/ мэдээлэл өглөө. Энэ үеэр Эрчим хүчний сайд Г.Дамдинням шатахууны хомсдолын шалтгаан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэв. Монгол Улс сард дунджаар 75 мянган тонн АИ-92 автобензин хэрэглэдэг. Гэвч Наймдугаар сард 54 мянга, Есдүгээр сард 62 мянган тонн орчим АИ-92 автобензин импортолсон нь хэрэглээнээс бага хэмжээ юм.
Үүний улмаас нийлүүлэлтийн доголдол үүсэж, шатахууны хомсдол үргэлжилж байгаа аж. Г.Дамдиннямын мэдээлснээр, Монгол Улсын шатахууны импортын 97 хувийг ОХУ дангаараа хангадаг. Харин ОХУ-аас Монголд нийлүүлдэг үйлдвэр өмнө нь сард 70 мянган тонн орчим бензин нийлүүлдэг байсан бол одоо 54-55 мянган тонн болж буурчээ. Мөн ОХУ экспортын мэдээллээ нууцлах шийдвэр хэрэгжүүлж эхэлсэн байна.
Түүнчлэн ОХУ-ын нефть боловсруулах 34 үйлдвэрийн 24 нь нэгээс дээш удаа бөмбөгдөлтөд өртсөн нөхцөл байдалтай байгааг хэллээ. Ийм нөхцөлд Монгол Улс шатахууны нийлүүлэлтийн эх үүсвэрээ нэмэгдүүлэхээр БНХАУ-аас авах хэмжээг өсгөж, Аравдугаар сард 78 мянган тонн бензин авах гэрээ байгуулжээ. Гэвч БНХАУ нефтийн бүтээгдэхүүний экспортоо хориглох шийдвэр гаргасан тул Монголын тал Хятадын холбогдох байгууллагуудтай үргэлжлүүлэн хэлэлцээ хийхээр ажиллаж байгаа аж. Мөн Сингапур, Беларусь улсад очиж шатахууны нийлүүлэлтийн асуудлаар хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.
Улаанбаатар хотын хувьд өдөрт 1000 орчим тонн шатахуун хүрэлцдэг байсан бол одоо 1700-1800 тонныг нийлүүлж байгаа ч үүссэн эрэлтийн шок бүрэн арилаагүй байна. Г.Дамдинням энэ удаагийн хомсдолын нөхцөл байдал ойрын хэд хоногт намжих хүлээлттэй байгааг онцолсон юм. Мөн улсын хэмжээнд шатахууны нөөц хадгалах савны хүчин чадал хангалтгүй байгааг хэлж, энэ онд багтаан нөөцийн савны хүчин чадлыг 150 мянган тонноор нэмэгдүүлж, энгийн хэрэглээний 45 хоногийн нөөц бүрдүүлэх боломжтой болохыг мэдээлэв.
Мөн шатахууны үнийн өсөлт, нийлүүлэлтийн доголдлыг эсэргүүцэж буй иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзахаар болсон байна. Г.Дамдинням “Намайг огцруулаад шатахуун хэвийн болно гэвэл одоо шууд ажлаа өгье” хэмээн хэлж, боломжит хэмжээгээр шатахуун импортлохын төлөө ажиллаж байгаагаа илэрхийлжээ.

