Дэр сонгохдоо унтдаг байрлал, мөрний өргөн, матрасны хатуу зөөлнийг харгалзан хүзүүг зөв байрлалд дэмжих тохиромжтой өндөр, хэлбэртэйг сонгох нь чухал. Харин “зөв байрлал” гэдэг нь унтаж байх үед толгой, хүзүү, нуруу нэг шугамд ойролцоо, хүзүү хэт нугараагүй эсвэл гэдийгээгүй байхыг хэлнэ.
Унтах үед дэр нь толгой, хүзүүг биеийн бусад хэсэгтэй аль болох зөв байрлалд байлгаж, хүзүүнд ирэх ачааллыг багасгахад тусалдаг. Ялангуяа хажуу болон дээш харан унтах үед толгой, хүзүү, матрасны хооронд үүсэх зайг зөв нөхөх нь чухал гэж Манчестерийн Метрополитан их сургуулийн дэд профессор, хөдөлгөөн засалч доктор Крис Маккарти BBC-д тайлбарлажээ. Харин хэт өндөр эсвэл хэт нам дэр хэрэглэвэл хүзүү удаан хугацаанд тохиромжгүй байрлалд байх эрсдэлтэй. Тиймээс дэрний гол үүрэг нь зүгээр толгой ивэх бус, унтаж байх үеийн хүзүүний байрлалыг дэмжихэд оршдог байна.
Дэр сонгохдоо хамгийн түрүүнд ямар байрлалаар унтдагаа, мөрний өргөн болон матрасныхаа хатуу, зөөлнийг харгалзах хэрэгтэй. Хажуу талаараа унтдаг, өргөн мөртэй хүн хатуу матрас хэрэглэдэг бол толгой, хүзүүний хоорондох зайг нөхөхийн тулд харьцангуй өндөр дэр хэрэгтэй байж болно. Харин зөөлөн матраст мөр, бие илүү шигддэг тул намхан дэр тохирох боломжтой. Дээш харан унтдаг хүмүүс хүзүүний байгалийн байрлалыг алдагдуулахгүй өндөртэй дэр сонгох нь зүйтэй. Өөрт тохирох өндрөө мэдэхгүй бол дэрний доор эвхсэн алчуур тавьж, өндрийг нь бага багаар өөрчлөн туршиж болохыг Маккарти зөвлөжээ. Харин доош харан унтах үед хүзүү удаан хугацаанд нэг тал руугаа эргэсэн байрлалтай байдаг тул энэ байрлалаас аль болох зайлсхийхийг зөвлөсөн байна.
Тэгвэл ямар дэр хамгийн сайн бэ? BBC-ийн мэдээлснээр хүн бүрт адилхан тохирох нэг төрлийн “хамгийн сайн” дэр гэж байхгүй. Өдөн дэр дулааныг харьцангуй сайн гадагшлуулдаг ч хэлбэрээ алдах боломжтой бол нийлэг ширхэглэг болон хөөсөн дэр хэлбэрээ илүү сайн хадгалдаг ч дулаан барих хандлагатай. Мөн “ортопед” эсвэл тусгай хэлбэртэй дэр бусад дэрээс заавал илүү сайн гэсэн шинжлэх ухааны хангалттай нотолгоо одоогоор байхгүй гэж BBC онцолжээ. Иймээс үнэтэй эсвэл тусгай зориулалтын гэсэн шошгоос илүүтэй өөрийн унтдаг байрлал, биеийн онцлог, матрасанд тохирсон өндөр, дэмжлэгтэй дэр сонгох нь хамгийн чухал байна.
Эх сурвалж: BBC

